УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндэсний аудитын газрын даргад С.Магнайсүрэнг нэр дэвшүүлсэн бөгөөд түүнд холбогдох Хөгжлийн банкны хэргийг анхан шатны шүүх удахгүй хэлэлцэж, гэм бурууг эцэслэнэ гэдгийг бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл С.Магнайсүрэнг Үндэсний аудитын газрын даргад томилох тохироо нэлээд дээрээс хийгдсэн бөгөөд “Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийг сонгох тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх хуралдааны санал хураалт нь нэлээд эргэлзээтэй, хардлага төрүүлэхүйц явагдсан байна.
Тодруубал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеийн санал хураалт гурван удаа явагдаж, эцэстээ гар өргөж, илээр санал хураалт явуулж, С.Магнайсүрэнг Үндэсний аудитын газрын даргад томилох эсэх сонсголын товыг тогтсон байна. Нарийвчилбал, Төрийн аудитын тухай хуульд Монгол Улсын Ерөнхий аудиторыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаатайгаар томилохоор заасны дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд Сандагийн Мягмарсүрэнг санал болгосон байна.
Улмаар Төсвийн байнгын хороо уг асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Г.Ганбаатар "Төр засаг авлигатай, төсвийн хулгайтай тэмцье гэж байгаа бол санал болгож байгаа хүмүүсээ цөөнхөөсөө, эсвэл хамтарч байгаа Ардчилсан намаасаа сонгодог байвал зүгээр юм" гэх саналыг хэлжээ. Үүнийг ч Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дэмжиж, үг хэлсэн байна.
Ингээд
- Монгол Улсын Ерөнхий аудитын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар товлосугай
- Нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Дамдиннямыг сонгосугай
- Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд хүлээн авахаар тогтоосугай
- Нэр дэвшигчийн сонсголын талаарх нийтэд мэдээлэх, сонсголын бэлтгэл хангах ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулахыг Төсвийн байнгын хороонд даалгасугай гэсэн тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсан байна.
Ингэхэд, зарим гишүүдийн санал гурван удаа эсрэг ажилласан гэх шалтгаанаар гар өргөж, илээр санал хураасан байна. Улмаар 16 гишүүний 9 нь дэмжсэн хэмээгээд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.
Товчхондоо, Хөгжлийн банкны хэрэг нь эцэслэгдээгүй байгаа С.Магнайсүрэнг Үндэсний аудитын газрын дарга томилох эсэх асуудал байнгын хорооны хуралдааны босгыг арай гэж давсан байна.