УИХ-ын гишүүн Б.Найдлаа "их сургуулийн ректорын томилгоо"-ноос болж П.Наранбаярын биед халдсан бөгөөд түүний гэм буруутай нь тогтоогдвол эргүүлэн татагдана

УИХ-ын гишүүн Б.Найдлаа "их сургуулийн ректорын томилгоо"-ноос болж П.Наранбаярын биед халдсан бөгөөд түүний гэм буруутай нь тогтоогдвол эргүүлэн татагдана

УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаярын биед халдаж, гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны /2025-03-27/ өдөр Төрийн ордонд гарч, энэ талаарх мэдээлэл олны анхаарлыг татсан.  Гэсэн ч УИХ-ын гишүүн Б.Найдалаад холбогдох хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, прокурорт хүргүүлснээр эл хэрэг сураг алдраад байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаярын биед халдсан гэх хэрэг чухам юу болов, бусдын нүдэнд оёдол тавиулах хэмжээнд хүргэсэн УИХ-ын гишүүн Б.Найдалаад хуулийн хариуцлага хүлээлгэхгүй өнгөрөх үү гэдгийг хөвөрдөж үзлээ. 

-УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАЙДЛААГИЙН "ИХ СУРГУУЛИЙН РЕКТОРЫГ ЧӨЛӨӨЛЖ, ТОМИЛОХ" САНАЛЫГ П.НАРАНБАЯР САЙД ХҮЛЭЭЖ АВААГҮЙ ТУЛ ТЭД МУУДЖЭЭ-

УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь Боловсролын сайд П.Наранбаярыг нэр бүхий их сургуулийн ректорыг чөлөөлж, томилох асуудлаас болж, цохьсон гэдгийг тухайн үед хамт байсан эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь нэгэн их сургуулийн ректорын чөлөөлж, томилох  саналыг Боловсролын сайд П.Наранбаярт тавьсан аж. Гэсэн ч П.Наранбаяр нь "Хуулийн шаардлага хангахгүй, нам, улс төрөөс шалтгаалж томилгоо хийхгүй" хэмээн түүний саналыг хүлээж аваагүй байна. Үүнээс үүдэж, тэд маргалдаж, нэгнийхээ биед халдсан гэдгийг хэлж буй юм. 

-Б.НАЙДЛАА ГИШҮҮН П.НАРАНБАЯР САЙДЫГ ЗОДСОН ХЭРГЭЭР ЯЛ ШИЙТГЭГДВЭЛ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТАГДАНА-

УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь өмнө нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, улмаар Улсын Дээд шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар тогтоолоор Анхан шатны журмаар гэм буруугийн асуудлаа дахин шийдвэрлүүлэхээр болоод байгаа. Хамгийн ноцтой нь түүнтэй хамт шүүгдэх Н.Сүхболдын адил дахин санаатай гэмт хэрэг үйлдсэний улмаас хөөн хэлэлцэх хугацаа тасалдах эрсдэл үүсч байгаа аж.

Хэрэв Б. Найдалаа гишүүн Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэх Үндсэн хуулийн заалтаар түүнийг гишүүний бүрэн эрхээс нь эргүүлэн татах нөхцөл бүрдэх юм.

Тодотговол,  Монгол Улсын Үндсэн Хуулийн хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэж заасан байна. Энэ дагуу түүнийг гишүүнээс эгүүлэн татах хангалттай үндэслэл бий болох юм. Энэ ч утгаараа УИХ-ын гишүүн Б.Найдалаа нь сүүлийн үед "Төгрөг нуур"-ын асуудлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга руу дайралт хийж, зодооны асуудлаа анхаарлаас холдуулах оролдлого хийж байна уу гэх хардлагыг төрүүлж байна.

-ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ Г.БАЯРСАЙХАН ГИШҮҮНИЙ БИЕД ХАЛДААД ГИШҮҮНЭЭСЭЭ ЧӨЛӨӨЛӨГДӨЖ БАЙВ-

Ташрамд сонирхуулахад УИХ-ын гишүүд Төрийн ордонд нударга зөрүүлсэн тохиолдол урьд өмнө гарч байсан ч хэн нэгнийг эмнэлгийн тусламж авч, оёдол тавих хэмжээнд хүрч байгаагүй аж. Тодруулбал, 2012 онд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг “салхилуулах” цохилтоор хэвтүүлсний дараа өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, жагсаалтаар Д.Сарангэрэл гишүүн болж байсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Г.Баярсайханд ямар ч хохирол учруулаагүй боловч У.Хүрэлсүх гишүүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хууль бус шахалт дарамт улс төрийн өндөр албан тушаалтнаас хяналтын прокурорт ирж байсан гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгвэл Б.Найдалаа гишүүний холбогдсон зодооны гэх асуудал дээрхтэй ижил тохиолдол болж, хэргийг хууль хяналтын байгууллагаас хааж шийдвэрлэх үү гэдэг нь өдгөө асуулт хэвээр олны анхааралд үлдэж байна.