Т.Бадрал: Энэ цаг үеэс эхлэн гаднын улсын иргэдийг хүлээж авахгүй

Т.Бадрал: Энэ цаг үеэс эхлэн гаднын улсын иргэдийг хүлээж авахгүй

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Улсын онцгой комиссын шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн: МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийн хүлээн авах, хуваарилан байруулах ажлыг хоёр цагийн хугацаанд зохион байгууллаа. Өнөөдөр өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор мөн иргэдийн эх оронд нь авчирлаа. Энэхүү онгоцоор Берлинээс 93, Москвагаар 138 иргэн ирсэн байна. Иргэдийг одоогоор үзлэг оруулж байна.

Түүнчлэн өнөөдөр өглөө Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн.

Цаашид бүх талын үйл ажиллагааг шуурхай байдлаар авч ажиллана.

Мөн ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг тасралтгүй хийж, хүнсний аюулгүй байдлын тал дээр анхаарч ажиллана хэмээн мэдэгдлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Шуурхай штаб дээр ажиллаж буй баг төлөвлөгөөний дагуу ажилласаар байна. Гадаадад байгаа монголчуудаа татаж авах ажлыг үргэлжүүлж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. 18-нд Туркийн Истанбулаас нэг онгоц хүлээж авна.

Одоо цаг үе ярвигтай нөхцөл байдалд шилжиж байх шиг байна. 

Өвчний халдвар бүртгэгдсэн улсын тоо 150 болчихлоо. Испанид л гэхэд 46 хүн гэрийн хорионд орсон байна. АНУ гадаадын иргэдийг авахгүйгээс гадна өөрсдийнхөө иргэдийг авахгүй гэдгээ зарласан гэх мэт гадны улсууд хариу арга хэмжээгээ авч ажиллаж байна. 

Монгол Улсын хувьд нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Цаашид бид олон удаа онгоц хүлээж авахад их төвөгтэй болж байна.

Иймд энэ цаг үеэс эхлэн гаднын улсын иргэдийг хүлээж авахгүй гэх шийдвэр гаргасан. Зөвхөн ОХУ-аас орж ирж байгаа хүнсний тээвэртэй холбоотой орж ирж байгаа тээврийн жолооч нарыг оруулах асуудал чөлөөтэй үргэлжлэх байх.