ШҮҮМЖ ӨНЦӨГ: Онцгой нөхцөлд “иргэдээ огшоох” нь тэдний СОНГУУЛЬД ашигтай

ШҮҮМЖ ӨНЦӨГ: Онцгой нөхцөлд “иргэдээ огшоох” нь тэдний СОНГУУЛЬД ашигтай

Коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн.

Харин энэхүү нислэг өчигдөр /2020.03.15/ Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр эхлэж, өнөөдөр Улаанбаатар-Москва-Берлин, Улаанбаатар-Токиогийн нислэгээр үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын хэвлэлийн албанаас нэлээдгүй суртал ухуулга, сурталчилгааны чиглэлтэй ажиллаж байна. Учир нь нисэх буудлын зурвас рүү хэн дуртай нь нэвтэрч ороод зураг аваад байдаггүй журамтай. Холбоотой мэдээг ЭНД ДАРЖ үзнэ үү.

-ОНЦГОЙ НӨХЦӨЛД УЯНГАЛАН ХАЙЛЖ, УЛС ТӨРЖҮҮЛЖ БАЙГАА УЛС ОРОН МАНАЙХААС ӨӨР АЛГА-

Тухайлбал, Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр ирсэн иргэдийг зургийг нь авч, хэвлэл, мэдээллийн байгууллагуудад тарааж байна. Харин тэдний энэхүү зурганд зарим иргэд “эх оронтой байх сайхан” зэргээр сэтгэл хөдөллөө илэрхийлж байна. Харин коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж, Дэлхийн хаана ч үүнтэй адил арга хэмжээ авч, иргэдээ эх орондоо авч байгааг тэд мэдээгүй юу. 

Харин гаднын улс, орнуудад манайхтай адил улс төржүүлж, уянгалан хайлж байгаа нь алга. 

Учир нь энэ бол онцгой нөхцөлд улс орнуудын авдаг энгийн л арга хэмжээ юм. Харин энэ жил УИХ-ын ээлжит сонгуулийн жил, мэдээж одоогийн засгийн эрхийг барьж байгаа МАН олонх болж, дахин засгийн эрхийг барих хүсэлтэй байгаа. Гэтэл тэдэнд Дэлхий нийтийг айдас автуулж байгаа коронавирусийн халдвар гэх асуудал суртал ухуулга, сурталчилгааных нь гол сэдэв болоод байна. 

-БИД ХЭЗЭЭ ЖИНТЭЙ АРД ТҮМЭН, СОНГОГЧ БОЛОХ ВЭ-

Мөн өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх “Банкны холбоо”-ны төлөөллийг дуудаж, зээлийн хүүгээ буулгах талаар зандарсан. Гэтэл манай улс парламентын засаглалтай, УИХ-аас төрийн эцсийн бодлого шийдвэр гаргах Үндсэн хуультай.

Товчхондоо УИХ ээлжит бусаар хуралдаад “Онцгой нөхцөл байдал”-ын үед ажиллах хуулиа баталж, үүндээ арилжааны банкны хүүг “ийм хэмжээтэй байлга” гэж хуульчлаад л болох асуудал. 

Гэтэл өнөөдрийн эрх баригчид хувийн хэвшлээ загнаж, онцгой нөхцөлд гадны улсаас авчирсан иргэдийнхээ тухай мэдээллийг олон нийтэд дэлгэж, сонгогчид /иргэд/-ын сэтгэл хөдлөлийг хөдөлгөж байна. Энэ байдлаараа байвал манай улс “нэг хүний дарангуйллын засаглал”-тай болоход ойрхон байна. Хэзээ манай улсын иргэд жинтэй ард түмэн болж, улс төрийн хэрсүү сонголт хийдэг болох вэ. 

Эрх баригчид вирусийн халдвартай холбоотой "Онцгой нөхцөл"-д улс төрийн шоу хийж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

Нийт: 46 саналтай