Хот хоорондын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Хот хоорондын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 7.00 цагаас нээлээ. Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Улсын онцгой комиссын тогтоолоор энэ сарын 10-ны 7:00 цагаас эхлэн 16-ны 7:00 цаг хүртэл улс, хот хоорондын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан юм. Зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан орон нутгийн замуудад зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж илэрсэн зөрчилд газар дээр нь арга хэмжээ тооцох аж.

Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хүн тээвэр хэтрүүлэхгүй хамгаалах бүсээ зүүж хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг тус албанаас анхааруулж байна.

Мөн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Зорчигчийн асуумжийн хуудас”-аар судалгаа авч байгаа бөгөөд тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болох тул иргэд жолооч нар эмх цэгцтэй ажил үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг санууллаа.