Хөлбөмбөг тоглогчдын холбоо Ц.Анандбазарыг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ

Хөлбөмбөг тоглогчдын холбоо Ц.Анандбазарыг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль энэ сарын 28-нд болно. Энэ удаагийн сонгуульд таван хүн нэрээ дэвшүүлээд буй.

Тэгвэл Монголын нийт хөлбөмбөгийн тамирчдыг албан ёсоор төлөөлдөг Тоглогчдын Холбооны зүгээс удахгүй болох сонгуулийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэдний зүгээс "Бид нэр дэвшигч Ц.Анандбазарыг хууль бусаар бүртгэсэн, шударга бус сонгуулийн хорооны үйл ажиллагааг эрс буруушааж тухайн нэр дэвшигчийн нэр дэвших эрхийг түдгэлзүүлэхийг шаардаж байна. Бид спортын ёс зүй, шударга байдал, ил тод байдлыг нэн тэргүүнд эрхэмлэдэг. Иймд Монголын Хөлбөмбөгийн Холбооны үндсэн дүрэм, сонгуулийн дүрэм болон холбогдох журмыг Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) зарчмын дагуу шинэчлэн найруулж, тухайн шинэчилсэн дүрэм, журмын хүрээнд шинээр сонгууль зохион байгуулахыг шаардаж байна. Монголын хөлбөмбөгийг улс төрөөс ангид, шударга, ил тод зарчмаар хөгжүүлж тамирчид, тоглогчдын эрх ашгийг хамгаалах нь бидний зорилго юм. Иймд бид Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээн уралдаан /Үйл ажиллагаа/-нд оролцохгүй болохыг мэдэгдэж байна" гэв.