Энэ сарын 21-нд /2025.04.21/ ураны төслийг Монголтой хамтран хэрэгжүүлэх Францын “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед нэгэн үл таних эмэгтэй халдсан хэрэг гарсан юм. Уг хэрэгтэй холбогдуулан “Бадрах Энержи” ХХК-аас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд, “Бадрах Энержи” ХХК нь үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй явуулж, харилцан яриа өрнүүлэх бодлогынхоо хүрээнд “Татварт иргэний хяналт” ТББ-ын төлөөлөл болон компанийн төслийг эсэргүүцэгч зарим иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор хүлээн авч уулзсан билээ. Энэхүү ТББ-ын төлөөлөл болон иргэд уулзалтын туршид түрэмгий зан авир гаргаж, улмаар уулзалтын төгсгөлд компанийн удирдах ажилтнуудад заналхийлж, хүч хэрэглэн биед нь халдсан явдалд “Бадрах Энержи” ХХК-ийн зүгээс ихээхэн харамсаж байна.
“Бадрах Энержи” ХХК нь Монгол-Францын хамтарсан компани бөгөөд Дорноговь аймагт Зөөвч-Овоо ураны ордыг олборлох, Монгол Улсын засгийн газрын мега төслийг хэрэгжүүлж байна. Манай нийт ажилтнуудын 98 хувийг Монгол ажилчид эзэлдэг. Компани нь Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандарт, заавар, зөвлөмжийг хатуу чанд баримтлан ажилладаг. Мэргэжлийн байгууллагууд, тэр дундаа Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон Олон Улсын Атомын Энергийн Агентлаг зэрэг эрх бүхий байгууллагуудаас компанийн үйл ажиллагаанд олон тооны төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулсаар ирсэн.
Түүнчлэн үе үеийн засгийн газраас томилогдсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгүүд хяналт шалгалт явуулж, тухай бүр дүгнэлт гаргаж ирсэн. Хараат бус хөндлөнгийн судалгаануудыг оролцуулан, эдгээр хяналт шалгалтаар компанийн үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн ба малын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг дүгнэж ирсэн билээ. “Бадрах Энержи” ХХК нь Монгол Улсын төрийн болон захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч хамтран ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах болно.
Монгол Улсын Засгийн газар болон Франц Улсын “Орано Майнинг” САС компанийн хооронд Зөөвч-Овоо төсөлд хамаарах Хөрөнгө оруулалтын гэрээг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан. Уг гэрээний дагуу “Бадрах Энержи” ХХК нь одоогоор уурхай болон үйлдвэрийн барилга байгууламж, ажилчдын байр, цахилгааны шугам, авто зам зэрэг төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажил 4 жил үргэлжлэх бөгөөд уурхай бүрэн ашиглалтад орсноор “Бадрах Энержи” ХХК нь уран олборлож эхлэх бөгөөд ингэснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд стратегийн тоглогч болж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд томоохон хувь нэмэр оруулах юм.
Цаашлаад төслийн хүрээнд дотооддоо мэргэшсэн ажиллах хүчин бэлтгэх, мөн орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр орон нутгийн иргэдэд өгөөжтэй хөгжил, хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дорвитой хөрөнгө оруулалт хийнэ.
“Бадрах Энержи” ХХК нь бүх оролцогч талуудтай, тэр дундаа төрийн бус байгууллагуудтай цаашид ч ил тод, нээлттэй харилцан яриа өрнүүлж, хамтран ажилласаар байх болно. Гэвч компани хүч хэрэглэсэн аливаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хууль сахиулах байгууллагын хянан шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллах болно" гэжээ.