Энэ оны дөрөвдүгээр сарын 2–17-нд Парис хотноо болсон ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 221 дүгээр чуулганаар Монгол Улсын “Хүйс толгойн бичиг” болон “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” хэмээх баримтат өвийг Дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын жагсаалтад бүртгэжээ.
“Хүйс толгойн бичиг” нь эртний Монгол брахми бичгээр бичигдсэн 1400 гаруй жилийн түүхтэй бичээс бөгөөд эртний монгол хэл, соёлын чухал эх сурвалж юм. Харин “Хүний бүтэн биеийн бүртгэл бичвэр” нь 18-р зууны уламжлалт анагаах ухааны гар бичмэл бөгөөд Монголын эртний анагаах ухааны сургуулиудад хэрэглэгддэг байжээ.
Монгол Улс өмнө нь 2011 оноос хойш ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт зургаан өвийг бүртгүүлсэн бөгөөд энэ удаагийн бүртгэл нь манай баримтат өвийг олон улсад сурталчлах, хамгаалах, хадгалах үйлсэд чухал алхам боллоо хэмээн ГХЯ-наас мэдээллээ.