Ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирчээ

Ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ оны гуравдугаар сарын 09-13-ны өдрүүдэд нийт 588 дуудлага мэдээлэл хүлээн авжээ. Хүлээн авсан нийт дуудлагын 418 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ийнхүү бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байжээ.

Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт гурван хүний амь нас хохирсон бөгөөд нэг хүүхэд байжээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2020.03.09-ний өдрийн 17 цаг 29 минутын орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сум “Хээрийн шанд” гэх газар асфальтан замд Toyota Prius-10 маркийн М жолоочтой автомашин онхолдож, зорчигч таван настай эмэгтэй Б-гийн амь насыг хохироосон.

2020.03.09-ний өдрийн 14 цаг 00 минутын орчим Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4-р багийн нутаг дэвсгэр шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 37 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон

2020.03.12-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 3-р багийн нутаг “Өвөр хоолой” гэх газар шороон замд улсын дугааргүй Mustang-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 30 настай эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, өвлийн улиралд мотоциклтой хөдөлгөөнд оролцохгүй байх, баталгаатай зам харгуйгаар замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.