Сингапур дахь монгол иргэд визээ цахимаар сунгуулах боломжтой

Сингапур дахь монгол иргэд визээ цахимаар сунгуулах боломжтой

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж өчигдөр /2020.03.12/ Бүгд Найрамдах Сингапур Улсын Цагаачлал, шалган нэвтрүүлэх албаны удирдлагатай уулзаж, үүссэн нөхцөл байдлын талаар санал солилцохдоо иргэдийн виз сунгалтын асуудалд уян хатан хандах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Иймээс тус албаныхан "e-extend" серверийг ашиглан виз сунгуулах хүсэлтийг цахимаар мэдүүлэхийг зөвлөжээ. Түүнчлэн биечлэн ирж, визээ сунгуулах хүсэлт илэрхийлэх боломжтой бөгөөд аль ч тохиолдолд мэдээллээ үнэн зөв бөглөх, шаардлагатай баримт бичгүүдээ ил тод танилцуулах нь чухал гэдгийг санууллаа.

Сингапур Улсад 2020.03.13-ны өдрийн байдлаар нийт 187 хүн коронавирусаар халдварласан бөгөөд 96 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эмнэлэгт нийт 91 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал хэвийн 82, эрчимт эмчилгээний тасагт есөн хүн байгаа ба нас баралт бүртгэгдээгүй байна.