Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны барилдаанд түрүүлсэн Хошорюү С.Бямбасүрэнд Ерөнхий сайдын шилжин явах цомтой хамт жижгэрүүлсэн хувилбарыг нь бүтээж, олгожээ

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны барилдаанд түрүүлсэн Хошорюү С.Бямбасүрэнд Ерөнхий сайдын шилжин явах цомтой хамт жижгэрүүлсэн хувилбарыг нь бүтээж, олгожээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом"-ыг Хакухо М.Даваажаргалд үүрд хадгалуулсан тул тус цомыг 239 саяар дахин бүтээхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны дээд зиндааны барилдаанд түрүүлсэн Хошорюү С.Бямбасүрэнд дээрх шилжин явах цомтой хамт “Гурван цагийг билэгдсэн бөхчүүд” цомын жижгэрүүлсэн хувилбарыг бүтээж, олгосон байна.

Тодруулбал, Оюун өмчийн газрын Зохиогчийн эрхийн 6326 дугаартай “Гурван цагийг билэгдсэн бөхчүүд” мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомын загвар бүтээлийн дагуу Японы мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны дээд зиндааны барилдаанд түрүүлсэн бөхөд олгох 1:3 харьцаагаар жижгэрүүлсэн цомыг зургаан ширхгийг бүтээлгэж, эхнийхийг нь Хошорюү С.Бямбасүрэнд олгосон байна. 

Тус жижгэрүүлсэн цомын нэг бүрийн үнэ нь 15 сая төгрөг бөгөөд зохиогчийн эрхийн бүтээл ашиглах төлбөртэйгээ нийт 94.5 сая төгрөгөөр зургаан ширхэг цом бүтээлгэжээ. Ингэхдээ зардлыг нь Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргасан байна. Уг жижигрүүлсэн цомыг Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны дээд зиндааны барилдаанд Монгол Улсын бөх түрүүлвэл шилжин явах цомын хамт олгох юм байна. 

Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цомын жижгэрүүлсэн хувилбарыг бүтээх зардал гаргах тухай тушаал

Ташрамд өгүүлэхэд, Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын тэмцээн болох Хацү башёд Мэргэжлийн сүмо бөхийн озэки Хошорюү С.Бямбасүрэн амжилттай барилдаж, 12 даваа, 3 унаатайгаар түрүүлсэн билээ. Озэки Хошорюү С.Бямбасүрэн нь 1999 оны тавдугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ач, Асашёорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн дунд хүү юм. Тэрбээр 2023 оны долдугаар сард болсон Нагоя башёд 12 даваа, 3 унаатайгаар түрүүлж, дээд зиндаанд анх удаа түрүүлсэн Монголын 10 дахь сүмоч болж байв. Энэхүү амжилтаараа озэки цолны болзол хангаж байсан нэгэн юм.