Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 45 түрүүлж, бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол энэ оны нэгдүгээр сарын 28 /2023.01.28/-ны өдөр Токио хотын “Кокүгикан” ордонд болсон.
Энэ үеэр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Хакухо М.Даваажаргалд "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цом"-ыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэсэн хэмээн мэдэгдсэн юм. Учир нь тус цомыг мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд шилжүүлэн өгдөг байсан ба харин Хакухо М.Даваажаргалд ийнхүү үүрд хадгалуулсан юм.
ВИДЕО: Б.Бат-Эрдэнэ сайдын мэдэгдэл
Тэгвэл Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах явах цом"-ыг шинээр бүтээхээр болжээ.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 74 дүгээр тогтоол гарч "Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах явах цомыг шинээр бүтээх болон цомын жижгэрүүлсэн хуулбарыг хийлгэх, цомын загварын оюуны өмчийн эрх эзэмшигчид олгох нэг удаагийн зардалд шаардагдах 239 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах"-аар шийдвэрлэсэн байна.
Иймд 74 дүгээр тогтоолын дагуу Соёлын яамнаас Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн бөхөд олгодог "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах явах цом"-ыг шинээр бүтээлгэж байгаа аж. Тус цомыг Жанрайсаг бурхан, Төв талбайн усан оргилуурын дөрвөн талд байрлах Хангарьд, Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал “ГАРУДА" зэрэг төрийн болон улсын шагналуудыг бүтээсэн уран дархан Н.Баатаржав дахин шинээр урлахаар болжээ.
Сонирхуулахад, эдүгээ Хакухо М.Даваажаргалд хадгалагдаж буй Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Гурван цагийг билэгдсэн бөхчүүд” цомыг уран бүтээлч Д.Эрдэмбилэг агсан Засгийн газрын 2003 оны наймдугаар сарын 6-ны өдрийн 181 дугаар тогтоолоор 18 мянга 592 төгрөг 5 мөнгөөр анх бүтээж байжээ.