Хятадын иргэний захиалгаар нутаг нэгтэнд нь халдсан этгээдүүдэд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Хятадын иргэний захиалгаар нутаг нэгтэнд нь халдсан этгээдүүдэд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Баатарсүрэн, Б.Билгүүн, Б.Одбилэг, С.Шагдаррагчаа, Х.Алдар, Ю.Ууганбаяр, Жан Рү Ди /Zhang Rudi/, П.Дамдин, Г.Билгүүн, Б.Мөнгөнхүү нарт холбогдох хэргийг яллагдагч Жан Рү Ди /Zhang Rudi/ болон яллагдагч Б.Билгүүний өмгөөлөгч Э.Оргил нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Б.Баатарсүрэн нарын 10 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан...”, 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, мөн тус хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль бусаар хүн хорьсон...” зэрэг гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар яллагдагч болон өмгөөлөгчийн бичсэн гомдлын үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.