Прокурорын байгууллага 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50641, мөрдөн байцаалтын 3231 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, Авлига, албан тушаалын 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Эдийн засгийн эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Соёлын өвийн эсрэг 1 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Г нь албаны эрх мэдлээ хэтрүүлэн “О” компанид нэмэлт ажил олгох тусгай зөвшөөрөл гаргуулан өгсний хариуд 20 сая төгрөг, “Г” компаниас 6.6 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дугаар зүйлийн 1/Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, дээрх нэр бүхий компанийн удирдах албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан М.Ц нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилтийг бусдаар хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн удирдах албан тушаалтан Б.Ж нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор татварын тайлант хугацаанд огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр хий бичилт хийлгэж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 156 сая төгрөгөөр бууруулан, татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, “Clozapine Tablets” эмийг зохих зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан А.П, З.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэргийн 20.14 дүгээр зүйлийн 2 /Хууль бусаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
-Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан С.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.5 дугаар зүйлийн 3 /Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.