Энэ сарын 04-07-ны өдрүүдэд "Дулаан байшин" нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Хашаандаа сайхан амьдаръя" хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилготой юм.
“Дулаан байшин” өдөрлөгийн үеэр төр, хувийн хэвшлийн төлөөллүүд эрчим хүчний хэмнэлттэй, агаар, хөрсний бохирдлыг бууруулах барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг танилцуулахаас гадна даатгал, банк санхүүгийн байгууллагууд орчны бохирдлыг бууруулах ногоон шийдлүүдийг санхүүжүүлэх, эрсдэлээс хамгаалах бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хүргэж, хамтран ажиллана.
Төрийн банкны хувьд, тогтвортой хөгжлийг эрхэмлэж, хүний эрхийг дээдэлсэн байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлага бүхий ногоон банк байх зорилтынхоо хүрээнд нийгмийн хөгжлийг дэмжих санхүүгийн цогц үйлчилгээг тогтвортой, хүртээмжтэй хүргэхийг чухалчлан ажиллаж байна. Энэ хүрээнд, эрчим хүчний хэмнэлттэй амины ногоон орон сууц шинээр барих, орон сууцаа засварлах, дулаалах, эрчим хүчний инновацлаг шийдлүүдийг хэрэглээндээ нэвтрүүлэх хэн бүхэнд ногоон зээлийн үйлчилгээг санал болгож, энэ төрлийн зээлийн багцаа жилээс жилд нэмсээр байна.
Харилцагч та бүхэн Сүхбаатарын талбайд дөрөв хоногийн турш үргэлжлэх “Дулаан байшин” нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирж, байгаль орчинд ээлтэй, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудтай танилцаж, ногоон зээлээ газар дээр нь судлуулан сонирхсон бүтээгдэхүүнээ тэр дор нь худалдаж авах боломжтой.
Итгэл төгс Ногоон ирээдүй