Караокены гадна зодолдсон иргэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, биед нь халдсан хэрэг гарчээ

Караокены гадна зодолдсон иргэд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, биед нь халдсан хэрэг гарчээ

Иргэд яаралтай тусламж хэрэгтэй үедээ эсвэл эрх нь зөрчигдсөн тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгдөг.

Гэтэл дуудлага мэдээллийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуульд заасан үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр очсон мөн гудамж талбайд албан үүргээ хэрэгжүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэх, хэл амаар доромжлох, заналхийлэх, биед нь халдах, үйл ажиллагаанд нь санаатай саад учруулах зэрэг үйлдлийг зарим иргэд гаргадаг.

Тэгвэл өнгөрсөн 7 хоногт цагдаагийн байгууллагад цагдаагийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, биед нь халдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, 

  • Дундговь аймгийн нутаг дэвсгэрт дуудлага мэдээллийн дагуу очиж албан үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн иргэн Ц нь согтуурсан үедээ алба хаагчийн нүүрэн тус газар удаа дараа цохиж, гэмтээсэн,
  • Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт “Караокены гадна хүмүүс зодолдоод байна” гэх дуудлага мэдээллийн дагуу очсон алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдаж, албаны дүрэмт хувцсыг нь урж танхайрсан зэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл бүртгэгджээ. 

Төрийн албан хаагчийг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг. Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.

Энэ оны эхний гурван сарын байдлаар Хууль сахиулагчийг эсэргүүцсэн 196 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн 94, зөрчлийн 102 мэдээлэл бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн гомдол мэдээллээс цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон гэх зөрчлийн шинжтэй 27 үйлдэлд 17 иргэн 3 хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох шийтгэл оногдуулсан байна.

Харин цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх 56 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 32 хэрэгт гэм буруутай этгээдийг яллагдагчаар татжээ. Иймд иргэдийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулахгүй байхыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг бэлтгэлээ.