СУДАЛГАА: Метр квадрат нь 3.2 саяар зарагдаж байсан орон сууц өдгөө 8.5 сая төгрөг болтлоо өсөж, Улаанбаатарт байрны үнэ хэт хөөрөгдөж байна

СУДАЛГАА: Метр квадрат нь 3.2 саяар зарагдаж байсан орон сууц өдгөө 8.5 сая төгрөг болтлоо өсөж, Улаанбаатарт байрны үнэ хэт хөөрөгдөж байна

Улаанбаатар хотод 2025 оны хоёрдугаар сарын байдлаар шинэ орон сууцны метр квадратын үнэ байршлаас хамаарч 3.2-5.6 сая, хуучин орон сууцны үнэ 3-5.6 саятай байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн. 

Харин “Тэнхлэг зууч” компанийн 2021 оны судалгаанаас харахад, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2010 оны эцсийнхээс 81.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн орон сууцны дундаж үнийн таамаг ирэх 10 жилд өсөлтөө хадгалсаар байна гэж мэргэжлийн эх сурвалжууд дүгнэж байна.

-СҮХБААТАР ДҮҮРЭГТ 36 МЕТР КВАДРАТ 2 ӨРӨӨ БАЙР 190 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Жайкагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын хийсэн судалгаагаар, Улаанбаатар хотын орон сууцны эрэлт ба нийлүүлэлтийн зөрүү 2027-2030 онд тэнцвэржинэ гэж таамаглаж байгаа аж. Энэ хүртэл орон сууцны эрэлт ба нийлүүлэлтийн зөрүү жил бүр 20-68 мянгын хооронд байна гэж үзжээ. Ая тухтай орон сууцанд амьдрах иргэдийн эрэлт хэрэгцээ ойрын 5 жилд буурахгүй нь орон сууцны үнийн өсөлт ойрын 10 жилд хэвээр хадгалагдах шалтгаан болж байж ч болох юм. 

“Орон сууц худалдааны нэгдсэн групп”-т тавигдсан зараас харахад Хан-Уул дүүрэгт 27-35 метр квадрат 1 өрөө шинэ орон сууц 75-96 сая төгрөгийн ханштай байна. Харин Сүхбаатар дүүрэгт төв талбайгаас 1.4 км зайд 36 метр квадрат 2 өрөө байр 190 сая төгрөг буюу метр квадрат нь 5.2 сая, 69 метр квадрат 3 өрөө байр 346 сая төгрөг буюу метр квадрат нь 5.014 сая төгрөгийн ханштай байсан юм.

-ОРОН СУУЦНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШ ЖИЛИЙН 9.2 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ БАЙНА-

Үндэсний статистикийн хороо хуучин орон сууцны дундаж үнийг 3-5 саяд хэлбэлзэж байна гэдэг тоон мэдээлэл гаргасан ч бодит байдал дээр тансаг зэрэглэлийн орон сууц метр квадрат нь 7-10 саяд хүрчихээд байна. Тухайлбал,  NCD группээс 2010 онд барьж ашиглалтад оруулсан "River Garden" хотхон 2014 онд метр квадрат нь 3.4 сая төгрөгөөр захиалга авч байсан бол өнөөдөр 1 метр квадрат нь 7.5 саяд хүрсэн байв. Товчхондоо, энэ хотхонд өнөөдөр 138 метр квадрат 4 өрөө хуучин орон сууц 1.1 тэрбумаар үнэлэгдэж байгаа юм.

Орон сууцны хоёрдогч зах зээлийн мэдээллийг “Тэнхлэг зууч”-аас 2023 онд судлахад жилийн өмнөхөөс дунджаар 9.2 хувийн өсөлттэй гарсан байна.

Тухайлбал,  2020 онд ашиглалтад орсон “Хүннү плас” хотхон метр квадрат нь 3.2 сая байсан бол өнөөдөр 8.5 саяар зарагдаж байна. Тодруулбал, 188 метр квадрат 5 өрөө орон сууц 1.5 тэрбумын ханштай байна.

-БНХАУ-ЫН ГУМЬЕ ХОТОД 3 ӨРӨӨ БАЙР 370 САЯ, ДӨРВӨН УЛИРЛЫН ХАУС 500-800 САЯТАЙ БАЙНА-

Монголд орон сууцны үнэ жилээс жилд өссөөр үнэ нь “тэнгэрт хадаж” байна. Үүнээс болоод зарим иргэд бүх зүйлээ зараад Солонгос эсвэл Хятад улсыг зорьж эхэлжээ. Учир нь урд хөрш буюу БНХАУ-ын Гумье хотод 140 метр квадрат 3 өрөө байр 370 сая, 200-300 метр квадрат дөрвөн улирлын хаус 500-800 саяын ханштай байна.  Харин Улаанбаатарт Зайсангийн аманд хаус 6 тэрбум орчим төгрөгийн ханштай байгаа юм.