Гадаад паспорт болон бэлэн мөнгөө гээх, олон нийтийн унаанд мартаж буухгүй байхыг БНХАУ-ын ЭСЯ-наас анхаарууллаа

Гадаад паспорт болон бэлэн мөнгөө гээх, олон нийтийн унаанд мартаж буухгүй байхыг БНХАУ-ын ЭСЯ-наас анхаарууллаа

Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүйгээсээ болж гадаад паспорт, бэлэн мөнгөө гээх, олон нийтийн унаанд мартаж буух зэрэг тохиолдол нэлээд гарч байна.

Гадаад паспортаа гээснээр зочид буудалд захиалга өгөх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудал үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсаж байна.

Үүнтэй холбогдуулж Элчин сайдын яамнаас бичиг баримтаа гээсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж буй аж. Иймд БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй манай улсын иргэд хувийн хариуцлагаа өндөржүүлж, гадаад паспорт, мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй байж, анхаарал болгоомжтой аялахыг Элчин сайдын яамнаас зөвлөж байна.

Хэрэв тус улсад аялах үеэрээ бичиг баримтаа гээсэн бол Элчин сайдын яамны шуурхай утас +86 176 0078 7323, +86(10) 6532 1203 болон [email protected], [email protected] цахим хаягт хандах боломжтой гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ.