Мьянмар улсын төв нутагт өчигдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 144-т хүрч, 732 хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын цэргийн удирдагчид мэдэгджээ.
АНУ-ын Геологийн албанаас, мэдээлснээр 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар 12:50 цагийн орчимд Мандалай хотоос холгүй 10 орчим км-ийн гүнд бүртгэгдсэн байна. Ойролцоогоор 10 минутын дараа дахин 6.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Цэргийн удирдагч Мин Аун Хлайн телевизээр үг хэлэхдээ, нийслэл Нейпьидо хотод 96 хүн амиа алдсан гэж мэдэгдсэн байна. Хохирлын хэмжээг бүрэн тогтоогүй байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.
Хөрш Тайланд улсын эрх баригчдын мэдээлснээр, нийслэл Бангкок хотод баригдаж байсан өндөр барилга нурсны улмаас 8 хүн амиа алдаж, 17 хүн бэртэж гэмтжээ. Аврагчдын мэдээлснээр, барилгын талбайд байсан 100 гаруй хүн сураггүй хэвээр байна. Мьянмарт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Тайландад 77 удаагийн чичирхийлэл бүртгэгджээ.