Хамба лам З.Санждорж, Д.Бямбажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2025.03.21/ болсон. Улмаар дахин хойшлуулж, ирэх дөрөвдүгээр сарын 24-нд болгон товлосон байна. "Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан" гэх хэрэгт яллагдагчаар татан, саатуулсан талаар хууль, хяналтын байгууллагаас мэдээлсэн байдаг.
Өнгөрсөн аравдугаар сарын 27-нд прокурорын байгууллагаас нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Ингэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 заалтаар зүйлчилсэн билээ.
Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйлд "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" заасан.