Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.28/ менингококк халдвар, улаанбурхан, томуу томуу төст өвчний байдлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ВИДЕО:
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр: Он гарснаас хойш менингококкийн дөрвөн тохиолдол батлагдлаа. Уржигдар Архангай аймгийн Цэнхэр суманд сэжигтэй тохиолдол батлагдаж, тухайн хүүхэд таван настай хүүхэд байсан. Биеийн байдал маш хүнд, амь тэмцсэн байдалтай Архангай аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ үйлчилгээ авч байгаад харамсалтайгаар эндсэн тохиолдол гарлаа.
Он гарснаас хойш менингококкоор амиа алдсан хоёр хүүхэд хоёулаа эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж авсан. Тийм болохоор эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхэд нь халуурсан бол тууралтгүй байсан ч яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
-УЛААНБУРХАНААС ГАДНА САЛХИНЦЭЦЭГ, ХООЛНЫ ХОРДЛОГО ИХЭЭР БҮРТГЭГДЭЖ БАЙНА-
Улсын хэмжээнд улаанбурханы сэжигтэй 114 тохиолдол, лабораториор батлагдсан 98 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь аймгуудад улаанбурхан өвчин голомтолж гарсан. Энэхүү голомтыг хумихын төлөө эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд ажиллаж байна. Мөн сүүлийн үед улаанбурханаас гадна салхинцэцэг, хоолны хордлого ихээр бүртгэгдэж байна.