ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр Боао форумын үеэр гурван саналыг дэвшүүлж дэмжүүлжээ

ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр Боао форумын үеэр гурван саналыг дэвшүүлж дэмжүүлжээ

Азийн төлөөх Боао форум (BFA) өнгөрсөн Мягмар гарагт Өмнөд Хятадын Хайнань мужийн Ционгхай хотын Боао хотод эхэлж, өчигдөр /2025.03.27/ албан ёсоор нээжээ. Энэ жил "Өөрчлөгдөж буй ертөнц дэх Ази: Хамтын ирээдүй рүү" сэдвээр зохиогдож буй бөгөөд итгэлцэл ба хамтын ажиллагаа, өсөлт ба оролцоо, тогтвортой хөгжил, хиймэл оюун ухаан, инноваци сэдвээр 60 гаруй улс орон, бүс нутгийн 2000 орчим төлөөлөгч чуулж байгаа юм. 

Манай улсын төлөөлөн Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр тус чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр уг уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай албан ёсны уулзалтыг хийжээ. Уулзалтын үеэр тэрбээр хоёр улсын харилцаа ойлгомжтой, тодорхой байх, харилцан бие биенээ дэмжиж ажиллахыг илэрхийлж, дараах 3 чиглэлээр хамтран ажиллах тодорхой саналуудыг дэвшүүлсэн байна. 

Тодруулбал, 

  1. Хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх;
  2. Эрчим хүч болон бусад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх;
  3. Шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны паркыг хамтран хөгжүүлэх.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян эдгээр саналыг бүрэн дэмжиж, хоёр улсын ард иргэдэд ашиг тустай байх бүхий л санал санаачлагуудад ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрш орны хувьд эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ.