БНХАУ-д нүүрсний үнийн уналт гүнзгийрэх төлөвтэй байна гэж Bloombergtv мэдээлжээ. Тодруулбал, томоохон боомтуудад нүүрсний нөөц бараг дээд хэмжээндээ тулж, өмнөх оны мөн үеэс гурав дахин өндөр байгааг БНХАУ-ын Нүүрсний тээвэр, ханган нийлүүлэлтийн холбоо мэдээллээ гэжээ.
Ингэснээр өнгөрсөн онд 20 гаруй хувиар буурсан нүүрсний үнэ үргэлжлэн буурах эрсдэл үүсээд байгаа аж. Сара Чан зэрэг “Morgan Stanley”-ийн шинжээчид нүүрсний үнийн уналт хязгаартаа хүрээгүй байна гэж тодотгожээ. Мөн “Хэрэв тонн нүүрсний үнэ 400 юаниас доошилбол тус улсын дийлэнх олборлогч компаниуд алдагдал хүлээж магадгүй” гэж “Bloomberg Intelligence” тооцоолжээ. Энэ нь одоогийн нүүрсний үнээс 40 хувиар доогуур түвшин аж.
Нүүрс олборлолтоор БНХАУ-д тэргүүлдэг Төрийн өмчит “China Shenhua Energy” компани л гэхэд ашигт ажиллагаа нь буурсныг энэ долоо хоногт мэдээлжээ. Нөөц их байгаагаас үүдэн нүүрсний нэгжийнхээ төсвийг бууруулж, гадаадын нүүрсний захиалгыг зогсоосон гэж тодотгосон байна. Түүнчлэн нөхцөл байдал тус улсын жижиг уурхайнуудад бүр хүнд тусаж байгаа аж. Тухайлбал, Шаньси мужийн компаниуд ажилчдынхаа цалин хөлсийг танаж, зарим нь үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгаа ажээ.
Эх сурвалж: Bloombergtv.mn