ТӨК-иудын бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах талаар санал солилцов

ТӨК-иудын бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах талаар санал солилцов

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж буйтай холбогдуулан “Эрдэнэс Монгол” нэгдлийн Чанар бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав, Хяналтын асуудал хариуцсан менежер Н.Жавзанпагма нарын удирдлагууд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Ази, Монголыг хариуцсан дэд захирал Ана Кресич тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзаж, хуулийн төслийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр, “Эрдэнэс Монгол” нэгдлийн Чанар бүтээмж хариуцсан менежер Д.Ядамжав Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн хөгжилд чухал ач холбогдолтой уг хуулийн төсөлд уул уурхайн салбарыг төлөөлж “Эрдэнэс Монгол” нэгдлээс тусгасан саналуудын талаар танилцуулж, цаашид ЕСБХБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

ЕСБХБ-ны Төв Ази, Монголыг хариуцсан дэд захирал Ана Кресич уг хуулийн төслийг OECD-ийн удирдамжтай нийцүүлэх, тэр дундаа хууль эрх зүйн орчны хийдэл, давхардал, зөрүүтэй заалтыг арилгах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, дараагийн шатны уулзалтаар илүү техникийн нарийвчилсан зүйл заалтуудыг хэлэлцэхээр тохирлоо.