Үндэсний хөгжлийн хүрээлэн улсын төсөвт үйлдвэрийн газраас "Оюутолгой төсөл"-ийн алдаа оноог засан сайжруулахын тулд тус төслийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөөг судлуулахаар болжээ.
Тодруулбал, Үндэсний хөгжлийн хүрээлэнгээс "Оюутолгой төсөл"-ийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт үзүүлсэн нөлөөг судлуулах тендерийг өчигдөр /2025.03.27/ зарласан байна.
Долоо хоногийн хугацаатай зарлагдсан тухайн тендерийн төсөвт өртөг нь 95 сая төгрөг аж. Уг судалгааны ажлыг хийлгэснээр "Оюутолгой төсөл"-ийн алдаа оноог засан сайжруулах өгөөжид үндэслэн эдийн засгаа төрөлжүүлэх бодлогын шийдлийг шийдвэр гаргагчдад зөвлөмж хэлбэрээр хүргэнэ гэдгийг тендерийн баримт бичигт тодотгосон байна. Мөн судалгааны ажлыг тавдугаар сарын 16-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх учиртай гэдгийг онцолжээ.
Ташрамд өгүүлэхэд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрийн харьяаны "Үндэсний хөгжлийн хүрээлэн"-гийн захирлаар Н.Алтанхуягийн хүргэн гэдгээр нь олон нийтэд танигдсан ЗГХЭГ-ын Дэд дарга, ЭТТ компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан "Хүргэн" Г.Дэнзэн ажилладаг юм. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа тус албанд томилогдсон байдаг.