Үндэсний сөрөн тэсвэрлэх цогц стратеги боловсруулах ажлын дэд бүлгийн анхдугаар хуралдаан Батлан хамгаалах яаманд өчигдөр болов. Анхдугаар хуралдаанаар “Үндэсний сөрөн тэсвэрлэх цогц стратеги” бодлогын бичиг баримт боловсруулах хүрээнд ажлын төлөвлөгөөг танилцуулан агуулга, бүтцийн талаар хэлэлцлээ.
Хуралдаанд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт оролцож, "Дэлхийн улс орнууд үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг хөгжүүлэхэд олон салбарыг хамарсан урт хугацааны бодлого боловсруулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, эдийн засгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хамгаалалтыг сайжруулах зэрэг олон чиглэлд анхаардаг. Тиймээс аливаа болзошгүй гамшгийн үед үндэстнээрээ бэлэн байх ёстой. Иймээс үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, цогц стратегийн бодлогын бичиг баримт чухал ач холбогдолтой юм. Цаашид Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын хамтын ажиллагаа, иргэд гэсэн олон талт оролцогчид хамтран ажиллах шаардлагатай" гэв.
Мөн эдгээр талуудын нэгдмэл үйл ажиллагаа, мэдээллийн уялдаа, харилцан хариуцлагатай оролцоо нь Монгол Улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөөтэйг онцлов.