Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-15-нд явагдана

Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-15-нд явагдана

Цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-15-нд болно.

Үүнтэй холбогдуулан БХЯ-наас хугацаат цэргийн албаны цэрэг татлагын бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Цэрэг татлага 2025” зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөнөөр хугацаат цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах, Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хяналтын тоонд хүргэх, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдал, цэрэг татлагын үеийн эрүүл мэндийн үзлэгт анхаарах зэрэг чухал асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. 

Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар цэргийн насны залуусын дунд архи согтууруулах ундаа, тамхины хэрэглээ бусад насныхантай харьцуулахад хамгийн өндөр байна. Мөн энэ насныхан сэтгэцийн эрүүл мэндээс үүдэлтэй осол гэмтэлд өртөх цаашлаад амиа хорлох зэрэг сөрөг үр дагавар үүсэж байгаа нь өдөр тутмын амьдралын буруу хэв маяг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж байна. Цэргийн насны залуусын дунд зүрх судасны эмгэг, мэс, гэмтлийн эмгэг, арьсны эмгэг, шүд, эрүү нүүрний эмгэг, сэтгэцийн эмгэг их байгаа нь цэргийн албанд тэнцэхгүй байх суурь шалтгаан болж байгааг онцоллоо. Иймд Батлан хамгаалах салбар цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанаржуулж, цэрэг татлагын зохион байгуулалтыг сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.