Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөг залилсан нэр бүхий этгээдүүдэд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ч Б.Бямбадорж нь оргон зайлсан учир шүүх хурлыг явуулах боломжгүй болоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Б.Бямбадоржтой хамт Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаж, шүүгдэх байсан Б.Баттулга гэгч нь мөн оргон зайлсан тул эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Тэрбээр шүүх хурал товлогдсоны дараа оргон зайлсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн этгээдүүд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байхдаа ийнхүү оргон зайлсан аж.
-Б.БЯМБАДОРЖ НАРТ АРАВ ХҮРТЭЛ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ-
Нийслэлийн прокуророос Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар залилсан Б.Бямбадорж, Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын 9 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3-1 /Залилах/, 17.5-1 /Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 23.2-2 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/ гэсэн арав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг юм.
-ХХБ-ЫГ ЗАЛИЛСАН ГЭХ ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН 9 ХҮНЭЭС ХОЁР НЬ ОРГОН ЗАЙЛААД БАЙНА-
Хэргийн талаар эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрилла Молл” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Худалдаа хөгжлийн банкны 432 дугаар салбараас 2021 оны тавдугаар сарын 25-ны /2021.05.25/ өдөр нэр бүхий этгээдүүд “Эрдэнэ Лайт” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж тус байгууллагын данснаас 2,000,000 /хоёр сая ам.доллар/-ын гүйлгээ хийсэн байдаг. Тухайн үйлдлийг банкныхан нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсанаар мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн гадна талбайд байрлаж байсан автомашинаас 1.1 сая ам.долларыг нь олж, банканд нь хүлээлгэн өгч байсан байдаг.
Улмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж уг хэргийг Б.Бямбадорж Э.Золхүү, Б.Баттулга, Ц.Ариунтамир нарын хүмүүс үйлдсэн болохыг олж тогтоон, тэднийг эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Ингээд Б.Бямбадорж гэгчийг 2022 оны долдугаар сарын 07-ны өдөр Ховд аймагт орогнон нуугдаж байсныг олж дайчлан баривчилж цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаад өмгөөлөгчийнх нь хүсэлтээр таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, сулласан ч тэрбээр мөн дахин оргож, өнөөг хүртэл олдоогүй байгаа. Гэтэл хэрэг шүүхэд шилжсэн байхад Б.Баттулга гэгч нь мөн оргон зайлаад байгаа юм.