Швейцарын худалдааны компанид тэрбум ам.долларын залилангийн хэрэг гарсан асуудлаар шалгагдаж буй “Trafigura”-ийн Монгол дахь захирлыг ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл “Trafigura”-ийн Монгол дахь захирал асан Э.Жононбаяр өөрийн нагац эгчийн эзэмшлийн компанид "Trafigura"-ийн 500 гаруй сая ам.доллар шилжүүлсэн болохыг “Ройтерс” агентлаг тогтоожээ.
“Lex Oil” нэртэй тус компани нь Трафигурагийн Монгол дахь гол харилцагч байсан бөгөөд энэ нь Э.Жононбаярын нагац эгч Эрдэнэтуулынх байсан гэж Трафигурагийн ойрын гурван эх сурвалж болон өмчлөлийн баримт бичигт дурдсан байна. Трафигура өнгөрсөн аравдугаар сард Монголын нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг зарим ажилчид нь Трафигурагаас төлж буй мөнгийг өсгөх, хугацаа хэтэрсэн авлагыг нуун дарагдуулах зорилгоор мэдээлэл, баримт бичгүүдийг ашиглан "ноцтой зөрчил гаргасан" нь тогтоогдсон бөгөөд 1.1 тэрбум долларын алдагдал хүлээсэн гэж мэдэгдсэн. Тус компани нь үндсэн харилцагч тал нь Трафигура-д их хэмжээний өртэй гэж мэдэгдсэн ч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул эсрэг тал болон хувь хүмүүсийн нэрийг хэлээгүй байсан юм.
Гэтэл эх сурвалжийн мэдээлснээр Э.Жононбаяр нагац эгчийнхээ компанид шатахуун зарж, олон зуун сая доллар зээлсэн байжээ.
Э.Жононбаярын ээж Эрдэнэсүрэн нь шатахууны импортыг хянадаг Гаалийн ерөнхий газарт (ГЕГ) ажиллаж байсан гэж гурван эх сурвалжууд нь мэдээлжээ. Харин “Lex Oil” компанийг 2019 онд үүсгэн байгуулж, Trafigura-тай түншлэл байгуулсан байна.
Lex Oil нь Trafigura-аас зээл авч Орос, Сингапураас дизель түлш худалдан авах боломжтой болсон бөгөөд 2020 онд COVID-ийн цар тахал эхэлснээр Монголын нүүрсний экспортыг зогсоож, уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа болон салбарын түлшний эрэлтэд сөргөөр нөлөөлсөн. Гэсэн хэдий ч Lex Oil шатахуун импортлох, холих, дотоодын фирмүүдэд зээл олгох ажлыг үргэлжлүүлж, Трафигурагийн өрийг нэмэгдүүлсэн байна. Арванхоёрдугаар сард гаргасан жилийн тайландаа ч Трафигура "мэдээлэл, баримт бичгийг зориудаар залилсан, хугацаа хэтэрсэн авлагыг нуун дарагдуулсан" нотлох баримт олсон гэж мэдэгдэж байжээ.