Будсын биед гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс торгох ял сонссон “Хас”-ын гэх тодотголтой өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх энэ оны нэгдүгээр сард /2025.01.30/ хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл Ч.Ганхуяг, Б.Золбоо нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ. Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 27-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна. Дээрх шүүгдэгч нар нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байгаа аж.
Хэргийн талаар эргэн сануулахад, тухайн хэрэг 2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Zu” гэх клабт зодоон болсон байдаг. Энэ үеэр Ч.Ганхуягтай хамт явсан түүний дүү гэх Золбоо гэгч нь хохирогч бүсгүй Ч-гийн нүүрэн тус газарт нь ууж явсан зүйлийнхээ шилээр цохиж, долоон шүдийг нь гэмтээсэн аж. Энэ үеэр Ч.Ганхуяг хохирогч бүсгүйн биед мөн халдаж, түүний нүдийг нь хөхөртөл нь цохиж гэмтээсэн байгаа юм. Ч.Ганхуягийн дүү гэх н.Золбоо гэгчид усны шилээр цохиулсаны улмаас хохирогч эмэгтэй 7-н шүдээ гэмтэж, харин Ч.Ганхуягт цохиулсаны улмаас нүд хөх эрээн болтлоо гэмтсэн байгаа юм.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр н.Золбоо гэгч нь хохирогч эмэгтэйд хүнд гэмтэл, харин Ч.Ганхуяг нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байдаг. Улмаар прокуророос Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэг, 11.6-1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.