FIBA-аас зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн эхэллээ.
Тэмцээний "А" хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байр "Bishrelt Metal" баг эхний тоглолтоо Малайзын аварга "NS Matrix Deers" багийн талбайд хийж 86-98 харьцаагаар хожлоо.
"Бишрэлт Метал" багаас Амарбаясгалангийн Энхбаясгалан 21 оноо, 5 самбар, 2 бөмбөг таслалт, Девон Скотт 24 оноо, 10 самбар, 5 дамжуулалт, Байрон Уэсли 34 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар тус тус багаа тэргүүлэв. Ийнхүү А хэсгийг Монголын Bishrelt Metal баг нэг хожилтой тэргүүлж байна. Тэдний хоёр дахь тоглолт дөрөвдүгээр сарын 5-д Индонезын "Pelita Jaya Basketball" багийн талбайд болно.