Увс аймгийн Малчин сумын харъяат, сумын заан Д.Оргилохоос допинг илэрсэн тул түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

Увс аймгийн Малчин сумын харъяат, сумын заан Д.Оргилохоос допинг илэрсэн тул түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасчээ

Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн (WADA) заавар, зөвлөмжийн дагуу Допингийн хяналтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажилладаг. 

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан "Допингийн эсрэг үндэсний дүрэм"-ийн дагуу, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага (МҮДЭБ)-ын санаачилгаар үндэсний бөхийн тамирчдаас явцын буюу тэмцээний бус үеийн допингийн хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн талаар Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас мэдээлж байсан. 

Тэгвэл үндэсний бөхийн тамирчдаас авсан явцын шинжилгээнд хамрагдсан Увс аймгийн Малчин сумын харъяат, "Баатар хан гарьд" дэвжээний бөх, сумын заан Д.Оргилохоос допингийн төрлийн бодис илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн нь батлагдсан тул Монголын Үндэсний бөхийн холбооноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасаад байна. Д.Оргилох нь үндэсний бөхөөр хичээллэхийн зэрэгцээ чөлөөт бөхөөр хичээллэж багагүй амжилт гаргасан нэгэн аж. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард /2025.01.23/ болсон Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 97 кг-ийн жингээс хүрэл медаль хүртсэн бөгөөд тухайн үед допингийн шинжилгээний хариу ирээгүй байжээ.

Гэтэл уг тэмцээнээс өмнө авсан шинжилгээгээр түүнээс допинг илэрсэн тул уг амжилтын асуудал ч өдгөө хөндөгдөж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Ташрамд өгүүлэхэд, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас 2025 оны хоёрдугаар сарын байдлаар нийт үндэсний бөхийн 64 тамирчнаас допингийн шинжилгээ авсан гэдгийг өмнө нь мэдээлж байсан. Гэсэн ч тус байгууллагаас тухайн шинжилгээний хариуны талаар одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм.