Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Ашигт малтмал, уул уурхайн аж ахуйн нэгжүүдтэй энэ сарын 24-нд уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтад иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар болон холбогдох хэлтэс, агентлагийн дарга нар оролцов.
Дундговь аймагт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 130 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд үүнээс олборлолт хийж буй 35 аж ахуйн нэгж уулзалтад оролцсон юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун хариуцлагатай уул уурхайг хуулийн хүрээнд дэмжин, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Тус уулзалтаар ашигт малтмалын өнөөгийн байдал, уул уурхайн салбарын хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, цаашид хариуцлагатай уул уурхайг бий болгох, орон нутагт уурхайн төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэдийн ойлголт мэдээллийг сайжруулахын тулд сум, орон нутгийн удирдлагууд аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, хамтран ажиллах гэрээний төсөл зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.