Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч З.Шинэчагтагын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

2025-03-25 14:23

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч З.Шинэчагтагын хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

Анхан шатны шүүхээс торгох ял сонссон холимог тулаанч З.Шинэчагтагыг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт удаа дараа холбогдсон ч гэм буруугаа ухамсарлахгүй байна" хэмээн дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус прокурорын саналыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр /2025.03.25/ хэлэлцээд, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болголоо. 

Өөрөөр хэлбэл, хамтран амьдрагч эмэгтэйнхээ биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх З.Шинэчагтагад холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болж байна. 

2025-03-25 07:58

З.Шинэчагтагыг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэгт удаа дараа холбогдсон ч гэм буруугаа ухамсарлахгүй байна" хэмээн дээд шатны прокурор эсэргүүцэл бичжээ

Холимог тулаанч З.Шинэчагтага нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргээр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2.7 сая төгрөгөөр торгох ял оноосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл З.Шинэчагтагад торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээд шатны прокуророос эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Дээд шатны прокуророос "З.Шинэчагтага нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт удаа дараа холбогдож, гэм буруугаа ухамсарлахгүй эл төрлийн гэмт хэрэг үйлдсээр байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах"-аар Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичжээ. 

Холимог тулаанч З.Шинэчагтага нь өмнө нь 

  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 538 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял,
  • Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан аж. 

Харин хамгийн сүүлд буюу 2024 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэгт иргэн М.Н буюу хамтран амьдрагчтайгаа хардалтын улмаас маргалдаж, улмаар М.Н-ийн толгой хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж, хүзүүг нь гараараа боосны улмаас М.Н-ийн биед хамрын нуруу, 2 нүдний доод зовхи, эрүү, зүүн хацрын төвгөрт цус хуралт, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэрэгт холбогдож, улмаар шүүхээс 2.7 сая төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн байна.