Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа удаа дараа хутга гаргаж, танхайрсан хэргээр ял шийтгэгдсэн ОХУ-ын иргэний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа удаа дараа хутга гаргаж, танхайрсан хэргээр ял шийтгэгдсэн ОХУ-ын иргэний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа

Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичид холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэлэлцэж, түүнд оноосон таван жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн. 

Харин ОХУ-ын иргэн П.Валерьевич нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргаад байсан юм:

Тэгвэл Улсын дээд шүүх нийт шүүгчдийнхээ хуралдаанаар тус гомдлыг хэлэлцэж, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа хутга гаргаж танхайрсан хэргээр таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр болоод буй ОХУ-ын иргэн П.Валерьевич нь

  • 2024 оны долдугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Г.У-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг,
  • мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийн худалдагч, иргэн Б.Б-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг,
  • 2024 оны долдугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн танхим дотор тус дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан иргэн Н.Б-г зэвсэг буюу хутга ашиглан, хүч хэрэглэхээр заналхийлэн 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй 1 шил архийг тус тус авсан гэмт хэрэгт холбогдсон байдаг. 

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, Баянгол дүүргийн прокуророос түүнд хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм. 

Эл шийдвэрийг ОХУ-ын иргэн П.Валерьевич эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхээс түүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.