Өнөөдөр П.Батчулуун эмчид холбогдох хэрэгт донор болж хохирсон гэх талийгаач А-ийн ар гэрийнхэн тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна.
ВИДЕО:
Хохирогчийн ээж ярихдаа, “Миний охин 2023 оны наймдугаар сарын 5-нд хороололд осолд орж, гэмтлийн эмнэлэгт очсон. Бид нарыг өглөө очиход тархины үхжилттэй гээд охиныг минь хагалгаанд оруулсан байсан. “Таны охин тархины үхэлтэй болсон учраас донор болгооч” гэсэн. Гэмтлийн эмнэлгийн эмч нар өдөржин уулзсан. Эцэст нь П.Батчулуун эмчтэй уулзахад “Элэг, хоёр бөөрийг нь авья гэсэн. Түмэнд буян болооч” гэсэн. Нилээн удаан бодож, хүүхдүүд минь хоорондоо “Өгнө, өгөхгүй” гэж нилээн маргасан. Эцэст нь “Түмэнд буян больё” гэж бодоод гарын үсэг зурж, хоёр бөөр, элгийг нь донорт өгөхөөр болсон. Тухайн үед гарын үсэг зуруулахдаа, “Ганц нэг судсыг нь авч магадгүй шүү гэсэн. Өөр юманд гар хүрэхгүй, “амлаж байна” гэж П.Батчулуун эмч хэлсэн. Гэтэл бид охиноо оршуулах болоход миний охины хөлийнх нь яс, шөрмөс, тойг, шаант, чөмөг, цөс гээд хамаг эд, эрхтэнийг нь авчихсан байсан. Хоосон арьсан дотор нь цутгамал хийгээд төмөр утсаар хөл гарыг нь оёчихоод хүлээлгэж өгсөн. Анхнаасаа ингэж авна гэж хэлсэн бол “Би охиноо донор болгохгүй байсан”.
Элэг бөөрийг нь өгөөгүй бол охин минь босоод ирэх байсан ч юм болов уу гэж бодогдож байна.
Охиноо алдсанаас хойш жил гаруй хугацаа өнгөрч байна. Миний хань охиныхоо хойноос шаналсаар оны өмнөхөн бурхан болсон. Одоо би гурван хүүхэдтэй нь үлдсэн. “Энэ П.Батчулуун эмчээс юу хүсээд байгаа юм. Үхсэн хүнээс хамаг юмыг нь аваад донор болгох нь зөв” гэх юм. Хоосон хальс гаргахыг хэн ч хүсэхгүй. Миний охин арав гаруй хүнд буян болсон. Хоосон хөндий болгоод хөдөөлүүлсэн. П.Батчулуун эмчээс бид 100 төгрөг ч нэхээгүй. Хүмүүс намайг мөнгө авчихсан юм уу гэж хардаад байгаа. Би хүүхдийнхээ эрхтэнг зараагүй, хүнээс мөнгө нэхээгүй. Буян болж байхад олон нийт хар буруугаар харж, янз бүрээр ярьж байна.
Одоо би дахиж шүүх хуралд ормооргүй байна. Охиныхоо ясыг ахин дахин өндөлзүүлмээргүй байна. Өндөлзөх яс ч үгүй болсон. Арьсыг нь өндөлзүүлмээргүй байна. Гурван хүүхэдтэйгээ тайван амьдармаар байна.
П.Батчулуун эмчтэй уулзахад “Уучлаарай” гэхээс өөр үг хэлэхгүй байсан. Донор болсон хүмүүст 3.5 сая төгрөг өгөх хуультай юм билээ. Бидэнд тэр мөнгийг өгөөгүй. Гурван хүүхэддээ өгөөрэй гээд хоёр сая төгрөг л өгсөн” гэсэн юм.