А.Баяржавхлангийн 18 гишүүнтэй бүлэглэл байгааг тогтоосон. Түүний хоёр дүүг цагдан хорьсон байгаа гэж цагдаагаас мэдээллээ

А.Баяржавхлангийн 18 гишүүнтэй бүлэглэл байгааг тогтоосон. Түүний хоёр дүүг цагдан хорьсон байгаа гэж цагдаагаас мэдээллээ

"Ноорог"-ын ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан ноцтой мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.03.24/ мэдээлэл хийлээ.

ВИДЕО:

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван "Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэлзүйн гэмт хэрэг ихсэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтайгаар үйлдэгддэг. Монгол Улсын иргэн Э-ийн 35 гишүүнтэй бүлэглэл бий. Энэ иргэнийг шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирсан.

Мөн өчигдөр /2025.03.23/ цахим орчинд мэдээлэл өгсөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг А.Баяржавхлангийн 18 гишүүнтэй бүлэглэл байгааг тогтоосон. Энэ иргэний хоёр дүүг цагдан хорьсон. Иргэн А.Баяржавхланг зохион байгуулалтай гэмт бүлэг байгуулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах зүйл ангиар шалгаж байгаа. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Харин ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул "Иргэн А.Баяржавхлангийн мэдээллийн дагуу дотоодын хяналт шалгалтыг эхлүүлсэн. Өчигдөр мэдээлсний дагуу тухайн иргэн 2024 оны есдүгээр сард "Хянамгай бай" аяны хэвлэлийн бага хурлын үеэрх мэдээллийг над руу явуулсныг тогтоосон.

Хууль бус үйлдэл хийсэн цагдаагийн ажилтнуудыг илрүүлж, тогтооно. Харин тухайн алба хаагч буруугүй гэж тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална. Төрийн албан хаагч өөрийн албан тушаалаа урвуулан ашиглавал олон иргэнийг хохироож болох учраас хариуцлага өндөртэй байдаг. Тиймээс жил бүр АТГ-аас хөрөнгө оруулгын мэдээллийг авдаг. Цагдаагийн алба хаагчийг хууль зөрчих нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дотооддоо хяналт шалгалт явуулдаг.

Энэ хэрэгтэй нэр нь холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон. Тиймээс алба хаагчид нэр төрөө сэргээхээр шүүхэд хандаж болно" гэлээ.

Харин ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг "Бүх хэрэг Эрүүгийн хэргийн зүйл ангид заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдана. Тухайн хэрэгт холбоотой байж болзошгүй байж мэдээллийн дагуу шалгаж байгаа тохиолдолд эд мөрийн баримт, цахим төхөөрөмжийг хураах нь эрх зүйн хувьд боломжтой. Хэрвээ буруугүй нь тогтоогдвол цахим төхөөрөмжүүдийг шуурхай буцаан олгоно" гэдгийг тодотголоо.