БНСУ-ын коллежид суралцдаг хоёр монгол оюутан хар тамхины хэргээр хорих ял авсан талаар тус улсын “The fact news” мэдээллээ.
Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамны энэ сарын 24-ний өдөр мэдээлснээр, Сөүл хотын зүүн дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн 11 дүгээр хэлтэс (Шүүгч Кан Мин Хо) Хар тамхитай тэмцэх тухай хууль зөрчсөн хэргээр яллагдагчаар татагдсан коллежийн оюутан А (25 настай), Б (22 настай) нарт 3 жил 6 сар болон 1 жил 6 сарын хорих ял оноосон гэж мэдээлжээ. Мөн хоёр оюутныг хамтран 15 сая воны торгууль төлөхийг үүрэг болгосон байна. А гэх этгээдийг өнгөрсөн оны наймдугаар сараас есдүгээр сар хүртэл Кёнги мужийн Уйжонбү, Дүндүчон зэрэг хойд бүс нутагт зургаан удаа метамфетамин болон синтетик марихуаныг нуун дарагдуулж, байршлын мэдээллийг дамжуулсан хэрэгт буруутгаж байсан аж. Мөн Б гэх этгээдийг өнгөрсөн оны наймдугаар сард нийт дөрвөн удаа А-гийн гэмт хэрэгт оролцсон гэжээ.
Шүүхээс “Шүүгдэгч нар санхүүгийн ашиг хонжоо олох зорилгоор эм худалдаалах байгууллагатай тохиролцсон. Эмийн хэмжээ, үнийн дүн багагүй байсан тул хатуу шийтгэх шаардлагатай байна” гэж үзжээ. Харин шүүхээс ял оногдуулсан үндэслэлээ “Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, эргэцүүлэн бодох хандлагатай, Солонгост ял эдэлж байгаагүй, насанд хүрсэн зэргийг цогцоор нь авч үзсэн” гэв. Одоогийн байдлаар А, Б нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдаад байгаа аж.
Эх сурвалж: The fact news