Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангайн нутгаар хүчтэй шуурга шуурна

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангайн нутгаар хүчтэй шуурга шуурна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

24-ний өдөр Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -13…-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -7…-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…+7 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...+3 градус дулаан, бусад нутгаар -2…-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө -4…-6 градус, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө -8…-10 градус, өдөртөө +2…+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -8…-10 градус, өдөртөө 0...+2 градус дулаан байна.

2025 оны 03-р сарын 25-наас 03-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, 27-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 25, 26-нд ихэнх нутгаар, 27-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -13...-18 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.