СУРВАЛЖИЛГА: Үерт өртөж, шинэ суурьшлын бүс рүү нүүлгэсэн айлуудын ус, сүлжээ, нийтийн тээврийн асуудлыг шийдэж өгөөгүйгээс долоон айл л үлджээ

СУРВАЛЖИЛГА: Үерт өртөж, шинэ суурьшлын бүс рүү нүүлгэсэн айлуудын ус, сүлжээ, нийтийн тээврийн асуудлыг шийдэж өгөөгүйгээс долоон айл л үлджээ

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2023 оны зун үерийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж үзүүлж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд шинэ суурьшлын бүс бий болгож, Дарь эхийн тоосгоны үйлдвэрийн хойно байрлах газарт үерийн улмаас орон гэргүй болсон, газрын зөвшөөрөлгүй байсан иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Улмаар ус хангамж, гар утасны сүлжээ, автозам зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдээгүй байсан “Шинэ суурьшлын бүс” одоогоор ямар нөхцөл байдалтай байгаа талаар бид сурвалжиллаа.

ВИДЕО:

 

-УС ХАНГАМЖ, ,НИЙТИЙН ТЭЭВЭР, ГАР УТАСНЫ СҮЛЖЭЭ, ХОГНЫ МАШИН ЗЭРЭГ БАЙХГҮЙГЭЭС ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСИЙН ИХЭНХ АЙЛУУД НҮҮЖЭЭ-

Их л цэвэрхэн, өнгөлөг аж төрдөг байсан шинэ суурьшлын бүсийн айлууд тийм байхаа болиод уджээ. Энд тэндгүй хөглөрсөн хог, золбин ноход, эзэнгүй хашаа, урагдсан гэр биднийг угтсан юм. Анх шинэ суурьшлын бүсэд нийт 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Гэтэл өдгөө 6-7 айл нь л байнгын оршин суудаг бөгөөд бусад бүх айл нь нүүжээ.

Учир нь тэнд амьдрах нөхцөл үнэхээр хэцүү байгаа талаар оршин суугчид бидэнд ярьсан юм. Тодруулбал автозамын асуудал шийдэгдээгүйгээс автобус, нийтийн тээвэр явдаггүй байна. Тийм учраас шинэ суурьшлын бүсийн оршин суугчид машинтай нэгэндээ дайгдаж, алхаж ажил, хичээлээ амжуулдаг аж. Бас нэг асуудал бол усны асуудал.

Худаг байхгүйгээс усаа байнгын холоос зөөдөг бөгөөд машингүй бол усаа аваад алхдаг гэнэ. Уг газар нь нэлээд налуу газар учраас усны машины ус нэг тал руугаа хазайх эрсдэлтэй байдаг тул тийнхүү усны машин явдаггүй аж.

“Шинэ суурьшлын бүс”-ийн айлуудын асуудал үүгээр дуусахгүй. Гар утасны сүлжээ муу учраас ойрхон толгод дээр гарч утсаар ярих бөгөөд хөдөө байгаа мэт байнгын утсаа өндөрт байлгаж, сүлжээнд холбогддог гэнэ. Үүнийгээ тэд 21-р зуунд гэхэд хэцүүхэн л амьдарч байна даа хэмээн бидэнд ярьсан юм.

-20 АЙЛААС 6-7 АЙЛ НЬ Л ҮЛДЖЭЭ-

Тогны асуудлыг шийдэж өгсөн ч ганц ч удаа тогны мөнгө бичихгүй байсаар саяхан ирээд бүтэн жилийн төлбөрийг нь бөөн бичээд явсан тул хэд гарах бол гэж үнэхээр санаа зовж байгаагаа мөн хэлсэн юм.

Энд үүсээд байгаа бас нэг асуудал бол золбин нохойн асуудал. Хүмүүс хотоос зайдуу тул нохой, гөлгөө тэнд аваачиж төөрүүлэх тохиолдол элбэг байдаг гэнэ. Түүнээс нь болж тэндхийн золбин ноход олширч, хүүхэд багачууд сургууль, хичээлдээ явахад хүндрэл учруулж байгаа аж. Мөн ойр орчмын хогийг тараагаад байдаг тул тун хүндхэн байгаа гэв. Учир нь тэр байршилд хогны машин очдоггүй тул айлууд голдоо хогоо бөөгнүүлж, хурааж байгаад ачдаг аж. Энэ мэт “Шинэ суурьшлын бүс”-ийн айлуудад тулгамдаж буй асуудлыг тоочоод байвал дуусахгүй их. Төрөөс газар, гэр өгч асуудлыг шийдвэрлэсэн мэт боловч зүгээр л үерийн аман дээрээс холдуулаад тэр чигт нь хаячихсан тул тэнд орхигдчихсон хэдэн айлууд л болжээ.

Үүнээс нь болоод үерт өртсөн айлуудын ихэнх нь нүүж, одоогийн байдлаар 6-7 айл л оршин суудаг гэнэ. Зарим нь гэрээ тэр чигт нь орхиж явснаас урагдаж, нурахад бэлэн бослон гэрүүд ч байсан юм.

Тэд асуудлаа Сүхбаатар дүүрэгт хэлж, уламжлахаар Баянзүрх дүүргийн газар нутаг бидэнд хамаагүй гэдэг гэнэ. Харин Баянхзүрхэд хандахаар бид мэдэхгүй. Нийслэл мэднэ гэдэг аж. Харин нийслэлээс уг байршлыг анхааралдаа авна гэдэг боловч, дорвитой арга хэмжээ авахгүй явсаар хоёр жилийн нүүрийг үзжээ. Оршин суугчдын хэлж буйгаар аргагүйн эрхэнд очих газар байхгүйгээс амьдарч байгаа ч үнэхээр хүнд байгаа талаар хэлж байсан юм.