"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарыг ирэх лхагва гарагт шүүхээр болжээ

"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарыг ирэх лхагва гарагт шүүхээр болжээ

"Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав нар нь бүлэглэн "Симба" Ц.Батааг хулгайлж, 100 орчим сая төгрөгийг нь дээрэмдсэн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ. 

Тодруулбал, шүүгдэгч У.Баатаржав, Н.Наранбаатар,  М.Отгонсүх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатэы тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна. 

Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, УИХ-ын гишүүн асан, олны мэддэгээр Симба хочит Ц.Батаад хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/, 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм. 

Хэргийн талаар эргэн сануулахад, 2023 оны наймдугаар сарын 04-ний өдөр "Сэлэнгийн" гэж алдаршсан У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар хамтран УИХ-ын гишүүн асан, олны мэддэгээр Симба хочит Ц.Батаагийн орон байранд нь нэвтэрч, улмаар хулгайлж, Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд хүч хэрэглэн цагдан хорьсон байдаг. Улмаар 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн байна. Цагдаагийн байгууллагаас У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарын үйлдсэн уг гэмт хэргийг хүн хулгайлах, хүнийг хүчээр алга болгох, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татан, мөрдөн шалгасан байдаг. 



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.