УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Алтаншагай нар "Бооцоот морин уралдааны тухай", "Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай" хуулийг боловсруулж дуусжээ. Эдгээр хуулиудыг ЭНД дарж унших. Улмаар ирэх долоо хоногт УИХ дахь Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон талаар УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг мэдээллээ.
Хууль санаачлагчид эдгээр хуулийг санаачлах болсон шалтгаанаа " 2022 онд 286.0 мянга, 2023 онд 651.0 мянга жуулчин ирсэн байна. Монгол Улсад ирсэн нийт жуулчдын 70 орчим хувь нь II, III дугаар улиралд буюу 4 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд ирсэн байна. Ялангуяа 7 дугаар сард Монгол Улсад зочлох жуулчдын тоо харьцангуй нэмэгддэг буюу ойролцоогоор 100 орчим мянган жуулчин ирдгээс дийлэнх жуулчин Улаанбаатар хотод болон орон нутагт очиж баяр наадам үздэг байна. Мөн жил бүр 10 мянга орчим жуулчин наадмын нээлт үзэхээр захиалга өгдөг байна. Эдгээр тоон мэдээллээс үзэхэд Монгол Улсад ирж буй жуулчдын дийлэнх нь монголын соёлын өв болох монгол наадам үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа үзэхээр Монгол Улсыг зорин ирдэг бөгөөд нөгөөтээгүүр манай орны эрс тэс цаг агаарын байдал болон өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй зэрэг нь өвлийн улиралд ирэх жуулчдын тоог бага байхад нөлөөлдөг байна. Мөн хурдан морины сэрвээний өндрийн дээд хэмжээг тогтоож, Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын “Их Хурд” уралдаан болон хурдан морины бүсийн уралдаан, аймаг, сумдын хурдан морины уралдаан зохион байгуулахад тус стандартыг мөрдөхөөр заасан ч маргаан дагуулсаар байна.
Иймд дээр дурдсан бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх, унаач хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр өв соёл, түүхэн уламжлалаа тээж үлдэх, соёл, уламжлалаараа жуулчдыг татах шаардлага байгаагаас гадна хурдан морь эзэмшигч, уяачдад аль ч улиралд морио уралдуулах, Үндэсний баяр наадамд уралдуулж чаддаггүй морио уралдуулах бололцоог бий болгох, олон улсын жишигт нийцсэн морин тойруулга байгуулж, бооцоот морин уралдаан зохион байгуулах эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж байна"гэжээ.
Хуулийн төслийн долоодугаар бүлгийн 20.1 дэх хэсэгт "Спорт, бооцоот таавар, хонжворт сугалааны ажиллагаа эрхлэгч нь спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалт хөтөлж болох бөгөөд хариуцлагатай тоглохыг дэмжих үүднээс оролцогч өөрөө, эсхүл түүний гэр бүлийн гишүүн хүсэлт гаргасан бол түүнийг спорт, бооцоот таавар, хонжворт сугалаанд оролцуулахгүй хүний жагсаалтад оруулна" гэж зааж өгсөн байна.
Мөн 20.2 дахь хэсэгт "спорт бооцоот таавар, хонжворт сугалааны сөрөг үр дагавараас сэргийлэх зорилгоор оролцогчийн гэр бүлийн гишүүн оролцогчийг спорт бооцоот таавар, хонжворт сугалаанд донтсоны улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно" гэжээ. Энэ мэт зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг УИХ дахь Байнгын хороогоор хэлэлцүүлж хаврын ээлжит чуулганд өргөн барихаар болжээ.