УИХ-ын сонгуулийг зургадугаар сараас өмнө, эсвэл зургадугаар сарын дараа  хийхээр ярилцсан уу

УИХ-ын сонгуулийг зургадугаар сараас өмнө, эсвэл зургадугаар сарын дараа хийхээр ярилцсан уу

Гуравхан сарын дараа болох УИХ-ын сонгуулийг хойшлуулах талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ярилцаж, санал солилцсон гэх “бор шувуу” нисэж эхлэв. Цаашлаад хойшлуулбал ямар зохион байгуулалтад орох тухай ярилцаад хойшлуулснаас наана нь хийсэн дээр гэх саналыг ч хэлсэн гэх.

-СОНГУУЛЬ ХОЙШЛУУЛАХ АСУУДЛААР ЯРИЛЦСАН УУ-

Ямартай ч тэд тогтсон шийдвэрт хүрээгүй бөгөөд цагийн байдлыг харзнах гэхдээ мэдрэмжтэй байх ёстой гэж ярьсан тухай мэдээлэл байна. Хэрвээ энэ ажил хэрэг болбол ирэх зургадугаар сарын 24-ны өдөр болохоор товлогдсон /2020.06.24/ УИХ-ын сонгуулийг дээрх хугацаанаас өмнө эсвэл хойно хийнэ гэсэн үг.

Гэхдээ хойшлуулах тусам эрх баригчдад тусгүй. Учир нь дэлхийн 100 гаруй оронд тархаж, 4000 гаруй хүний амь насыг авч одсон коронавирусийн халдвараас үүдэн манай улсын эдийн засагт таатай бус өөрчлөлт орохоор байгаа. Эдийн засаг хүндэрч, нүүрсний экспорт хумигдаж, бизнесүүд үүд хаалгаа барьж, иргэд зээлээ төлж чадахгүйд хүрвэл нөхцөл байдал МАН-ын эсрэг болох тул тэд илүү их хохирол амсахаас өмнө сонгуулиа яаравчлуулах нь зүйтэй гэж үзэж буй.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдээд буй манай улсын хувьд нөхцөл байдал хааш эргэж, хэрхэх нь үнэхээр тодорхой бус байна. Хэн ч үүнийг өнөөдөр яг, таг хэлж чадахгүй.

Хэрвээ муугаар бодож тохиолдол нэмэгдвэл эрх барьж буй нам хамаг хариуцлагыг хүлээх учир МАН ихэд болгоомжлон аль болох биеэ нөөсөн байдалтай байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Нэмэгдэхгүй хумиж чадсан ч БНХАУ-аас хамаараад манай эдийн засаг хүндрэхээр байгаа юм.

Ямартай ч яаралтай бус гэрээний мөнгө болон бусад зардлыг аль болох гаргахгүй байх, нөхцөл байдлыг харзнаж байж ажлаа гүйцэтгэх үүргийг Засгийн газар яамд болон бусад байгууллагууддаа өгсөн гэх мэдээлэл ч байна. Эцэст нь, сонгуулийн хугацааг өөрчлөх талаар эрх баригчид ярилцсан бөгөөд энэ асуудлаар шийдвэр гаргахад эрт байна гэх саналыг гишүүдийнх нь ихэнх хэлсэн бололтой.