ДОРНОГОВЬ: “Зөөгч овоо” ажилчдын байранд пост нэмж, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангаж байна

ДОРНОГОВЬ: “Зөөгч овоо” ажилчдын байранд пост нэмж, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангаж байна

"Улаанбадрах"сумаас 70 км-т орших “Бадрах Энержи” ХХК-ийн “Зөөгч-Овоо” ажилчдын байранд "Улаанбаатар хотоос ирсэн Франц улсын 57 настай эрэгтэй халуурсан” гэх дуудлага 3-р сарын 08-ны өдөр ирсний дагуу газар дээр нь ажиллаж, шинжилгээг ХӨСҮТ-рүү илгээсэн. Шинжилгээний хариу өнгөрсөн шөнө 02:00 цагт коронавирус илэрч, аймгийн Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна.

Тус иргэн 2020 оны 03-р сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод “Буянт-Ухаа” олон улсын онгоцны буудалд бууж, 3-р сарын 07-ны өглөө Сайншанд суманд галт тэргээр ирж, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч-Овоо” ажилчдын байр руу шууд явсан маршруттай байгаа бөгөөд ажилчдын байранд нь тусгаарлаад байгаа билээ. 

Дорноговь аймагт коронавирус илэрсэнтэй холбоотойгоор Аймгийн онцгой комисс хуралдаж хэд, хэдэн шийдвэрийг гаргажээ. 

Энэ талаар тус аймгаас тодрууллаа. 

ТЭД:

Аймгийн Онцгой комиссын зүгээс коронавирусын халдвар илэрсэн иргэнтэй 1-р зэрэглэлийн хавьтагч иргэдийг тусгаарлаж, 2, 3-р зэргийн хавьтагчдыг илрүүлж, тусгаарлаж байна.

Мөн аймгаас орох, гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, спорт зал, фитнесс, клубуудыг хаах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж өндөржүүлсэн бэлэн байдлыг эрчимжүүлэх, Улаанбадрах суманд байрлах “Зөөгч овоо” ажилчдын байранд пост нэмж, шаардлагатай хүнс, ахуйн хэрэглэлийн нөөцөөр хангах, аймгийн хүнсний нөөцийг судалгааг яаралтай хийж, хүнсний хомстлоос урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нэгдсэн удирдлагаар хангуулахаар ХӨСҮТ-ийн нарийн мэргэжилтэн татан ажиллуулахаар шийдвэрлэсэн гэсэн юм. 

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар аймгийн дэлгүүр, рестораныг хаасан байна. Мөн аймгийн орох, гарах хөдөлгөөнийг цагдаа нар бүсчлэн хааж зогсжээ. Цаашлаад иргэдийг гэр, гэртээ байхыг сануулж байгаа юм байна.