МАН ХАР ЖАГСААЛТ ГАРГААГҮЙ ч нэр дэвшихгүй нь тодорхой болсон хүмүүсийн НЭРС

МАН ХАР ЖАГСААЛТ ГАРГААГҮЙ ч нэр дэвшихгүй нь тодорхой болсон хүмүүсийн НЭРС

Өнгөрсөн баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж нэр дэвших хүсэлтэй рейтингийн судалгаатай танилцсан. Тодруулбал, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гишүүдийнхээ рейтингийн судалгааг танилцуулж хэнийг, хаана дэвшүүлж болох дүр зургийг гаргаж ярилцсан байна.  

-У.ХҮРЭЛСҮХ: ОДОО МУУДАЛЦАХ ЦАГ БИШ. БҮГД ХИЧЭЭГЭЭРЭЙ-

Уг хурлын дараа зарим хэвлэлээр “МАН хар жагсаалтаа гаргалаа” гэх мэдээллийг хүргэсэн. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “МАН хар жагсаалт гаргах тухай яриагүй. Судалгаагаар рейтинг нь муу гарсан хүмүүсийн нэрийг танилцуулсан. Гэхдээ энэ нь хар жагсаалт гаргасан гэсэн үг биш. Харин ч эвтэй байх талаар ярилцсан” гэсэн юм.

Тодруулбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр “Одоо муудалцах цаг биш. Сонгуульд энийг нэр дэвшүүлнэ, тэрийг нэр дэвшүүлэхгүй гэсэн асуудал байхгүй. Судалгааны үр дүнг харна. Надад 33:32 гэсэн бодол байхгүй. Нэг нь араас, нөгөө нь өврөөс харсан хүүхэд биш. Бүгд сонгуульд нэг зорилготой орно. Бүгд хичээх хэрэгтэй. Рейтингээрээ сайн дүнтэй гарсан гишүүд сайн байна. Муу дүнтэй гарсан гишүүд ч мөн хичээгээрэй. Сайн ажиллаарай” хэмээн хэлжээ.

Дашрамд хэлэхэд, Рейтингийн судалгааг нэг тойрогт 55-60 сая төгрөгөөр хийж байгаа бөгөөд тухайн тойрогт нэр дэвших хүсэлтэй хүмүүс нийлж судалгааны санхүүжилтийг гаргасан. Тиймээс мөнгөө өгч рейтингийн судалгаа хийлгэсэн гишүүддээ дүнг нь албан ёсоор танилцуулах аж. Тус судалгааны сүүлийн шатыг дөрөв, тавдугаар сард дахин хийх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээ тодруулна хэмээн МАН-аас мэдэгдээд байгаа юм. 

-М.ЭНХБОЛД, Д.ХАЯНХЯРВАА, Б.УНДАРМАА, Д.ГАНБОЛД НАРЫГ НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ
ГЭХ ШИЙДВЭРИЙГ ЭРТ ГАРГАЖЭЭ-

Хэдийгээр судалгааны  ДҮНГ харна гэж буй ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн мэдлээрээ шийдэх хар жагсаалтыг аль хэдийн гаргасан гэх мэдээлэл бий. Тодруулбал, доорх эрхмүүдийг 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй МАН-ын удирдлагууд эртнээс төлөвлөсөн гэх яриа тус нам дотор яригдаад удаж байна.

М.ЭНХБОЛД

“Хотын фракцын” толгойлогч гэгддэг М.Энхболд энэ удаа МАН-аас нэр дэвшихгүй нь тодорхой болжээ. Оронд нь Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатар, Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал нарын нэр хэдийн яригдаад эхэлсэн байна. Түүнийг У.Хүрэлсүхийн талыг баримтлагчид “60 тэрбум” “МАНАН” бүлэглэлийн толгойлогч зэргээр цоллож, ил цагаан байлдсаар УИХ-ын даргын суудлаас нь буулгасан. Ингэж элдвээр цоллон байлдсан хүнээ эргээд нэр дэвшүүлбэл У.Хүрэлсүх муухай харагдах нь ойлгомжтой. Нөгөө талдаа түүний хүрээлэл, гар хөлийг таслан ор мөргүй болгох компанит ажиллагаа МАН-д ил цагаан өрнөх болсоор удсан. 2020 оны сонгуульд МАН ялалт байгууллаа ч дотоодын хүчний харьцаа хэрхэн өөрчлөгдөхийг таах аргагүй. Тиймээс хуучин даргын зангараг хүрээлэл эрх мэдлийн шинэ хуваарилалтаар амь орохоос эмээх хүмүүс олон бий. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын залуучууд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин зэрэг “луйгар”-уудтай хүч хавсайдаж М.Энхболдод “тэтгэвэр тогтоох”-ыг зорьж байна. Нэг мөр арчихгүй бол “хоосоо шахуулах” хүмүүс дээрхээс гадна олон бий тул М.Энхболдыг гурав дахь удаагаа яасан ч тайзан дээр гаргахгүй гэж шийдсэн байна.

Ж.ЭНХБАЯР

У.Хүрэлсүхтэй МАСЗХ-ноос эхэлж сугадалцаж гүйсэн Ж.Энхбаяр энэ удаагийн сонгуулийг өнжих болсноо намын ойрын хүрээлэлдээ мэдэгдсэн байна. ЖДҮХС-гийн  зээлтэй нэр холбогдсон олон гишүүнээс Ж.Энхбаяр бүр ч ихээр нийгмийн анхаарлыг  татаж “сангийн хунтайж" сэтэр зүүсэн. Бусад гишүүд нь ЖДҮХС-г тойглосон байхад мань эр түүнээс гадна тариалан эрхлэлтийг дэмжих сан, сургалтын төрийн сан зэрэг гурван сангаас зээл авсан амжилтаар “гаршсан” гэдгээ харуулсан. Түүний хажууд ЖДҮ-чид бол хулхи Дамбийжаа зээлнэ гэж гуриллдаг нөхөд болж таарсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг өөлж, боорлох ганц сэдэв нь “ЖДҮ”. Тиймээс энэ галыг дааж өөрийн талаас “амиараа тахил” барих баатарлаг нэгэн зайлшгүй У.Хүрэлсүхэд хэрэгтэй. Энэ дүрийн баатар нь харин Ж.Энхбаяр байх бололтой. Үүнийхээ хариуд сонгуульд нам нь ялбал хүнс хөдөө аж ахуйн сайдаар ажиллахаар тохиролцсон гэх мэдээлэл байна. .

Д.ГАНБОЛД

Чингэлтэй дүүргийн засаг дарга, МАН-ын хорооны даргаар ажиллаж байхдаа нэг ч ялагдаж байгаагүй гэгддэг хотын фракцын гол хөдөлгүүрийн нэг Д.Ганболд энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшихгүй нь тодорхой болжээ. Оны өмнөхөн Чингэлтэй дүүргийн МАН хуралдаж Т.Аюурсайханыг бөөн хэл амтайгаар даргаараа сонгосон. Улмаар МАН-ын хяналтын хороо Д.Ганболдыг МАН-аас хөөж цэг тавьсан билээ. Эрт урьдын цагт Ц.Сандуй А.Ганбаатар нар М.Энхболд даргадаа “аалзны хөлийг эхлээд тасдах ёстой. У.Хүрэлсүхийг аалз болгоё л доо ах аа” гэж шахаж байсны үлгэр эсрэгээрээ эргэж М.Энхболдыг “аалз болгох” ажиллагаа болно гэж хэн мэдлээ. Д.Ганболд нь М.Энхболдын ойрын шадар хүн байсныхаа төлөө ийнхүү тайруулж байгаа ажээ.Хэдхэн өдрийн өмнө Д.Ганболдын хүн гэгддэг Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбатыг огцруулж оронд нь Н.Батсүмбэрэлийг томилоод байгаа. Гэхдээ чингэлтэй дүүрэгт МАН дотоодын улс төрдөө цэг тавьсан гэж хэлэхэд эрт.  "Шарын гар урт шүү" эсрэг ажиллаад самарч мэднэ дээ гэж чингэлтэйн намынхан дотроо шивэр авир хийлцэх болжээ.

Ө.ЭНХТҮВШИН

МАН-ын дарга асан УИХ-ын гишүүн, шадар сайд Ө.Энхтүвшин энэ удаагийн сонгуулийг өнжинө гэж мэдэгдсэн байна. Шинээр батлагдсан үндсэн хуулийн дагуу давхар дээлтэй гишүүн сайдын орон тоо дөрөв л бий. Харин тэр орон тоонд харьж буй арслангууд багтахад бэрх. Тийм учраас уу, эсвэл сонгогдсон Чингэлтэйн тойргийн намын дотоод тэмцлээс эмээсэн үү? шадар сайд маань нэр дэвшихгүй байх замыг сонгосон гэж эх сурвалж мэдээллэж байна. Харин МАН ялбал Засгийн газарт үргэлжлүүлэн шадар сайдаар ажиллах тохироогоо хэдийн хийсэн гэх. Зарим эх сурвалжийн мэдээллээр У.Хүрэлсүх шадар сайддаа их итгэл хүлээлгэж битүү сунгаанд сойж байгаа гэх ч мэдээлэл бий. Сонгууль дөхөөд сураг нь гарах биз ээ.

Д.ХАЯНХЯРВАА

У.Хүрэлсүхийн хэлдгээр “хөдөөнөөс ирсэн нөхөр” 2020 оны сонгуулийг өнжих нь баараггүй болсон байна. Тэрээр МАН-ын их хурлаар У.Хүрэлсүхтэй өрсөлдөж ялагдсан. Улмаар бүлгийн даргаасаа "хусуулсан". 2008 оноос хойш Дарханаас сонгогдож гишүүнээр ажиллаж байгаа түүний хөл суурь отогтоо хэтэрхий гүн бат гэх. Дарханы МАН-ын хороо 2000 оноос хойш Д.Хаянхярваа гэж хүний атганаас гараагүй. Хорин жил Дарханы удирдлага, гол албан тушаалтныг зөвхөн түүний мутрын тааллаар томилсоор ирсэн гэдэг. Дархандаа дарагдсан, шахагдсан, цаг нь ирсэн залуучууд босоод дээрээ У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар аль аль нь хорхойтой араандаа зуучихсан яваа түүний "жил орсон" бололтой. Хувьсгалын тохироо бүрдсэн дээр Дарханы намынхан Д.Хаянхярваагаас салж шинэ хуваарилалт хийхийг хүсч байна. Харин МАН-ын  удирдлагуудын зүгээс УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Б.Цэнгэл нарыг Дарханд сойхоор хэдийн бэлдээд эхэлсэн аж. 

Б.УНДАРМАА

ЖДҮ-ийн дараагийн тахилын хонийг Сонгино хайрхан дүүргээс сонгожээ. Шинэ мандатын хуваарилалтаар Сонгино хайрхан дүүргийн нэг мандат алга болсон нь ч түүний суудал өнцөгтөхөд хүргэсэн гэх.  ЖДҮ-ээр зогсохгүй түүний эзэмшлийн Капитал банк дампуурч эрүүл мэндийн даатгалын 136 тэрбум, Нийгмийн даатгалын 104 тэрбум төгрөг салхинд хийссэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон. Дэвших нь битгий хэл дээлээ ч нөмөрч болзошгүй Б.Ундармааг МАН-ын өнөөгийн удирдлагууд анхнаасаа таалж байсангүй. Д.Сумьяабазар тэргүүтэй "сонгины фракцынхан" ч түүнд тал өгдөггүй. Дөрөө хоршиж гарч ирсэн Ц.Гарамжав нь “Монгол банкны эрсдлийн сангийн хөрөнгөөр 10 тэрбумын өрөө төлүүлсэн” гэх хардлага, хэл аманд ороод ордны нэг сэтгүүлчтэй муур хулгана болж гүйгээд амаргүй л байгаа. Гэхдээ Ц.Гарамжав нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан харин Б.Ундармаа нь Сонгины фракцаас ганцаараа торойж “мер”-ийн талд байсан гэмтэй. Хулгана жилийн улс төрийн зурхай, өмнөх үйл үр нь түүнийг дахин нэр дэвшихгүй болгожээ.

Мөн ЖДҮХС-ийн асуудлаас болж хэрэгт холбогдон шалгагдаж буй ХХААХҮ-ийн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг, үргэлж хэл аманд ордог УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарыг дээрх хүмүүс дээр нэмэгдэж магадгүй гэх мэдээлэл байна.

Н.НОМТОЙБАЯР

“Намаас хөөгдсөндөө гоншигноод байх юм үгүй, тэр үйлдэл дээр өөрийгөө өмөөрөхгүй”  гээд төд удалгүй УИХ-ын гишүүнээсээ ч огцрох өргөдлөө өгсөн Н.Номтойбаяр МАН-ын зодогтой барилдахгүй. Түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх чуулганы хуралдаан дээр МАН-ын гишүүд далдаар алж, илээр аварч хоёр нүүртэй жүжиг, холион бантан болцгоосон. Мотоциклийн осол, баарны зодоон, Х.Батхүү агсны хэрэг явдал зэрэгтэй таагүй нэрээр холбогдож дөрвөн жил тэрээр амар заяагаа үзсэнгүй. Нэгэн цагт У.Хүрэлсүхээс өөр бурхан үгүй явсан НАМЗХ-нд салхи оруулж Л.Оюун-Эрдэнийг “авч хаяснаараа” тэрээр МАН-ын залуучууд дундаа багагүй нэр хүнд нөлөөллийг олоод байсан нь саяхан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын сайд, МАН-ын тусгаар тогтнолын байрыг бариулахад тэрбум төгрөг хандивлагч, МАН-ын бүлгийн дэд дарга, НАМЗХ-ны Ерөнхийлөгч гээд түүний энэ намтай өнгөрүүлсэн намтар багагүй зузаан ажээ. Намгүй болсон ч тэр бие дааж нэр дэвших магадлал өндөр гэж ойрын эх сурвалжууд нь мэдээллэж байна. Түүнд МАН байхгүй ч МАК бий.