АН-ын залууст “Хяналтын менежер” гэх албан тушаал өгөөд "амыг нь үдсэн" бол, НИТХ-д нэг ч суудалгүй ХҮН намын Э.Золзаяаг “Бүтээмжийн менежер” гэх Х.Нямбаатарын орлогчоор томилох гэнэ

АН-ын залууст “Хяналтын менежер” гэх албан тушаал өгөөд "амыг нь үдсэн" бол, НИТХ-д нэг ч суудалгүй ХҮН намын Э.Золзаяаг “Бүтээмжийн менежер” гэх Х.Нямбаатарын орлогчоор томилох гэнэ

Энэ долоо хоногт болсон “Утааны сонсгол”-оор яригдаагүй нэг гэр бүлийн зургаан хүн амиа алдсан хэрэг олны анхааралд орж, “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчээр хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутагт нь өгсөн ч, 18 нас хүрээгүй хүүхдээр хурдны морь унуулахыг хориглосон тогтоол гарч, эцэст нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдсэн гээд улс төрийн өрнөлтэй долоо хоног өнгөрч байна.

-УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШЭЭД ЯЛАГДСАН АН-ЫН ЗАЛУУСТ “ХЯНАЛТЫН МЕНЕЖЕР” ГЭХ АЛБАН ТУШААЛЫГ ГАРГАЖ ӨГӨВ-

Саяхан “хяналт хариуцсан менежер” гэх албан тушаалыг Засгийн газраас бий болгож, АН-ын И.Мөнхжаргал, П.Нүрзэд, Н.Пунцаг нарын залуучуудыг Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, Эрдэнэс тавантолгой гээд төрийн өмчит газруудад томилсон. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Эдгээр залуусын ихэнх нь УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшээд ялагдсан хүмүүс аж. Тэгвэл энэ долоо хоногт “бүтээмж хариуцсан менежер” гэх албан тушаалыг Засгийн газар болон НЗДТГ-т бий болгож зарим хүмүүсийг томиллоо.

Тодруулбал, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн орлогч захирлын статустай “бүтээмж хариуцсан менежер” гэх албан тушаалд УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийг, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн эрхт төлөөлөгч гэх албан тушаалд УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томиллоо. Улмаар Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хувийн туслах, жолооч Б.Батсүх, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүн гэгддэг Э.Эрдэнэжамъяан нарыг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилсон байна. 

Мөн Засгийн газарт орсон АН, ХҮН намууд МАН-тай нийслэлийн түвшинд шинэхэн хамтралыг эхлүүлээд байна. Тодруулбал, “бүтээмжийн менежер” буюу Хотын даргын орлогчийн статустай албан тушаалтныг томилж эхэлсэн бөгөөд нийтдээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар таван орлогчтой болж байгаа аж.

Энэ бүх Засгийн газар, НЗДТГ-т хийгдэж буй "хяналт хариуцсан менежер", "бүтээмж хариуцсан менежер" гэх албан тушаалууд бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хотын дарга Х.Нямбаатар нарын албан тушаалдаа байх, эрх мэдлийн хугацаагаа тогтоон, сунгах зорилготой байж магадгүй юм.

Тэгвэл одоогийн байдлаар АН-аас НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, МАН-аас Нийслэлийн Засаг даргын орлогч асан, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр нарыг бүтээмжийн менежерийн статустай томилоод байна. Харин Хотын дарга Х.Нямбаатарын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр хариуцсан бүтээмжийн менежерээр нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяаг томилохоор яригдаж байна.

-НИТХ-Д НЭГ Ч СУУДАЛГҮЙ ХҮН НАМД “БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖЕР” ГЭХ АЛБАН ТУШААЛЫГ НИЙСЛЭЛД ГАРГАЖ ӨГНӨ-

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-ын 2024 оны сонгуульд АН таван суудал авсан бол МАН 40 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Харин ХҮН нам НИТХ-д нэг ч суудал авч чадаагүй, ялагдсан. Харин НИТХ-д нэг ч суудалгүй нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа гэх эмэгтэйг Хотын дарга Х.Нямбаатарыг орлох “бүтээмжийн менежер”-ээр томилогдох гэж байгаа аж. Орон нутгийн сонгуульд нэг ч суудалгүй ялагдсан Э.Золзаяа мэдээлэл хийх үеэрээ, “МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг харж, хяналт тавих л үлдлээ. Иргэд орчин нөхцөлдөө дүн тавьж, өөрчлөлийг хүсэх болов уу гэж найдаж байсан ч залуус хангалттай саналаа өгч чадсангүй” хэмээн мэдэгдэж байлаа.

Товчхондоо, Х.Нямбаатарт хяналт тавина гэж мэдэгдэж байсан Э.Золзаяа гэх эмэгтэй Хотын даргыг орлож, түүний бүтээмж дээр нь анхаарах нь. 

Мөн Э.Золзаяа нь Хотын дарга Х.Нямбаатарыг идэвхтэй шүүмжлэгч гэдэг. Тодруулбал, тэрээр Graph.mn сайтын эрхлэн гаргадаг "Гудамжны подкаст"-ын зочноор оролцох үеэрээ, “Х.Нямбаатар Нийслэлийн Засаг даргаар сонгогдсоноос хойш ганцхан жилийн хугацаанд 4 их наяд төгрөг эд бяд хийчихсэн. Улаанбаатар хот хэзээ ч ийм навсгар, халтар, иргэд нь уур бухимдалтай байгаагүй. Нийслэлийн тендер дээр Бодь групп аль хэдийнээ ноён сууж. Яг орон нутгийн сонгуулийн дараа Бодь группийн хамаарал бүхий хүн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч болсон. Тэр бол Т.Даваадалай” хэмээн шүүмжилж байлаа.




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө