С.Эрдэнэ: Ц.Элбэгдорж нарыг олж ирэх үүрэг АН-д байхгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө олж ир

С.Эрдэнэ: Ц.Элбэгдорж нарыг олж ирэх үүрэг АН-д байхгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө олж ир

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр /2020.03.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

-ЭДИЙН ЗАСАГ ХҮНДРЭЛТЭЙ ҮЕД ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЦАЛИНГ НЭМЭХ ШИЙДВЭР ГАРСАН НЬ БУРУУ-

Тэрбээр МЭДЭЭЛЛИЙН ЭХЭНД "Төрийн албан хаагчдыг алагчилж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэхдээ шударга ёсны зарчмыг алдагдуулсан Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотойгоор АН-аас мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдлийг та бүхэнд танилцуулж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан тушаалтнууд, төрийн захиргааны ажилтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын цалин 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн явдлыг шүүмжилсэн юм. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нь нэмсэн нь буруу шийдвэр гэж харж байна. Ингэхдээ ажилчдыг алагчилсан. Тиймээс уг хэрэгжилтээ онцгой дэглэмийн үед зогсоох ёстой. МАН иргэдийн амьжиргааны асуудалд асар муу анхаарч байгаа. Мөрийн хөтөлбөрөө ч хэрэгжүүлэхгүй явсаар өнөөг хүрлээ. Жижиг дунд бизнесүүд хаалгаа барихад тулаад байна. Энэ асуудал дээр улстөржихгүйгээр анхаарах хэрэгтэй. Цар тахал үүссэн үед эдийн засгийн хүндрэл хаяанд тулаад байна. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн хангах тал дээр яаралтай арга хэмжээ авч ажиллах ёстой" гэсэн юм. 

Харин галын шугам дээр үйлчилгээ үзүүлж буй цагдаа, эмч, сувилагч, багш зэрэг бага тушаалын албан хаагчдын цалинг нэмэх ёстой. Ер нь иргэдийн амьжиргааны түвшин буурсаар байна. Ийм байхад өндөр албан тушаалтнуудын цалинг нэмсэн байна. Түүний оронд эмч, сувилагч, цагдаа нарын цалинг нэмэх шаардлагатай. Тэгэхээр Засгийн газар алдаатай шийдвэрээ даруй засах ёстой гэсэн байр, суурийг илэрхийллээ. 

-ТАВАНТОЛГОЙН 30 ХУВИЙГ ТАСАЛЖ ЗАРАХ НЬ БУРУУ- 

Үргэлжлүүлэн тэрбээр "УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг АН-аас өргөн барьсан. Уг хуулийн төслийг баталж Дэгийн хуульд өөрчлөлт оруулснаар нэн онцгой нөхцөлд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүй, шуурхай хэлэлцэж батлах нөхцөл бүрдэнэ" гэсэн юм. 

Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад нэн тэргүүнд Тавантолгойн 30 хувийг арилжах асуудлыг бид оруулж ирж байна. Өмнө нь 3-5 тэрбум долларын IPO хийх замаар санхүүжилт олно гэж танилцуулж байна. Гэтэл өнөөдөр Тавантолгойн уурхайн 30 хувийг нэг тэрбум доллароор худалдах асуудал яригдаж буй учир уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.Засгийн газар дангаараа шийдвэр гаргаж болохгүй.  Ордын үр ашгийг нэмэгдүүлэх бодит боломж байсаар байхад 30 хувийг тасалж зарах нь буруу. Одоогийн бодит боломж дээрээ тулгуурлан ашигтай ажиллагааг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өөрийнх нь үр ашгийг нэмэгдүүлэх бодит боломж бий. Гаднаас мөнгө оруулж ирээд, яг юу хийх юм гэдгээ тодорхой зарламаар байна. Оюутолгой дээр бид ингэж л алдсан. УИХ-аар энэ асуудлаа оруулж, шийдвэрлүүлэх ёстой. Тиймээс бид ээлжит бус чуулган зарлах замаар тодорхой асуудлуудаа хэлэлцэх шаардлагыг бид тавьж байгаа” гэсэн байр суурь илэрхийлэв.

 
-Ц.ЭЛБЭГДОРЖ АН-ЫН ГИШҮҮН БИШ. ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД БАЙГАА Л ХҮН ШҮҮ ДЭЭ-

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-Таныг хэрэгт яллагдагчаар татаж байна. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-ын тамгын газарт ирсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү? 

-Сонгууль дөхөөд ирэхээр хэн, нэгнийг гүтгэх харлуулах оролдлого явагддаг. Өнөөдрийг хүртэл аль нэг хуулийн байгууллагад дуудагдаж, мэдүүлэг байцаалт өгөөгүй байна. Мөн яллагдагчаар татах гэмт хэрэг үйлдээгүй. Би хариуцлагатайгаар хэлье. Би байгууллага болон хувь хүнийг хохироогоогүй. УИХ дээр ирсэн бичиг байхгүй. Прокурорын байгууллагаас надад ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Яллагдагчаар татах асуудал хоёр ч удаа яригдсан шүү дээ. 

-Таны охин элеваторын асуудлаар, НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан нарт хамаарах хэрэгт шалгагдсан. Эдгээр хэргүүдэд таныг холбогдуулан шалгасан уу?

-Би аль нэг хуулийн байгууллагад шалгагдаагүй байгаа. Эргүүлэн татах бичиг ч ирээгүй. Манай охин Дархан гурил компаниас хувьцаа худалдаж аваад зарсан. Зах зээлийн зарчмаараа л явсан. Үүн дээр намайг холбож, ор үндэсгүй гүтгэсэн. НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасангийн хэрэгт хамааруулан намайг шалгаагүй.

-Танай намаас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм. Энэ талаар та байр, сууриа илэрхийлднэ үү? 

-Ч.Сайханбилэг Ардчилсан намын гишүүн мөн үү мөн. Нам дотоод журмаараа гомдол гарсан тохиолдолд бид авч хэлэлцэж болно. Шалгадаг хууль хяналтын газрууд нь шалгаад яваг. Бид бол улстөрийн нам. Аль нэг намд намын гишүүнийх нь гаргасан алдааг наах ёсгүй. Ч.Сайханбилэгийг орогнол хүссэн эсэхийг мэдэхгүй байна. Өнөөдөр Ардчилсан намтай холбоотой олон хүнийг шалгах ажил ажиглагдаж байна. Тодорхой баримттайгаар шалгахыг л бид шаардаж байгаа. Улстөрийн зорилгоор хүн хэлмэгдүүлж болохгүй.

Ц.Элбэгдорж 2009 онд намаас түдгэлзээд, гишүүнчлэлээ сэргээгүй, нам бус хүн. Ц.Элбэгдорж нарыг олж ирэх үүрэг АН-д байхгүй. Л.Оюун-Эрдэнэ өөрөө олж ирэх ёстой. Эрх барьж намд бүх эрх мэдэл нь байгаа биз дээ. Өөрсдөө ажлаа хийгээч.  Ц.Элбэгдорж одоо төрийн хамгаалалтад байгаа.  Төр хаана байгааг нь мэдэж байгаа. Төрийн тусгай хамгаалалттай л хүн шүү дээ. Коммунист МАН шиг хүмүүсийг хоморголон барьж хорьсон түүх АН-д байхгүй. АН хуулийн засаглалтай, хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн нам. 

МАН яагаад ЖДҮ-чдээ, 60 тэрбумтны хэрэгтнүүдээ, алуурчдаа, хулгайчдаа яагаад шалгахгүй байгаа юм. 

-Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нэр дэвших танай намаас нэр дэвших үү?

-Манай нам дэнчин аваагүй урьдчилгаа татвар авсан. Намын төлөөллийн төв байгууллагын шийдвэрээр татвар авсан. Бид санхүүгийн тайлангаа бүрэн тайлагнаж  Сангийн яаманд өгсөн. Ингэж өгсөн нам байхгүй.

Манай намын дотоод асуудлыг Л.Оюун-Эрдэнэ яаж мэдэж байгаа юм. Б.Хурц АН-д ямар ч мөнгө төлөөгүй, нэр дэвшинэ ч гэж яриагүй. Тиймээс энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Л.Оюун-Эрдэнэ манай намыг харлуулах зорилгоор маш олон мөрдөн байцаалтын нууц задалсан. Өөрсдөө хуулийн хариуцлага хүлээх ёстой.