Өнөөдөр/2020.03.09/ коронавирусийн тархалтын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гаднын улс орон руу эмчилгээнд явж чадахгүй байгаа төрөлхийн гажигтай, зүрхний цоорхойтой хүүхдүүдийн ээжүүдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд яаралтай хагалгаанд орох шаардлагатай олон хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ч хөл хорионы улмаас төлөвлөгдсөн хагалгаандаа орох боломжгүй болжээ.
Т.Билэгт хүүгийн ээж В.Урантуяа “Миний хүү Т.Билэгт төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажигтай төрсөн. Тодруулбал, гол судас баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7 см, уушгины артерийн судас нарийн гэсэн оноштойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй байна.
Бид энэ оны хоёрдугаар сарын 04-нд БНХАУ-ын Хөх хотод хагалгаанд орох төлөвлөгөөтэй байсан боловч дэлхий даяар тархаж буй коронавирусийн халдвар гарч хөл хорио тогтоосны улмаас эмчилгээнд явах боломжгүй болоод байна. Мөн бидний хувьд, Турк юм уу Энэтхэг улс руу хагалгаанд орох хүсэлтэй байгаа боловч хагалгааны зардал өндөр, дунджаар 60-70 сая төгрөг хэрэг болж байгаа тул хөдөө орон нутгийн иргэд бидний хувьд санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна” гэлээ.
Дээрх шалтгаанаар ЭХЭМҮТ-д яаралтай хагалгаанд орох шаардлагатай олон хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Эмч нарын зүгээс дөрвөөс таван сард коронавирусийн халдвар намжвал Солонгос, Бээжинд орох боломжтой. Гэвч үүнийг хүлээвэл хугацаа алдаж хүүхдүүдийн амь насанд аюул тулгарна. Тиймээс холбогдох байгууллагууд анхааран яаралтай нааштайгаар шийдэж өгөхийг хүслээ.