Өнөөдөр жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих өдөр

Өнөөдөр жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих өдөр

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхийн 77 хөрөнгийн биржүүд “Хонх цохих-Ring the Bell” арга хэмжээг энэ сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол улсын хувьд өнөөдөр Монголын хөрөнгийн Бирж, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, НҮБ-ын хамтрагч байгууллагууд, Олон улсын санхүүгийн корпораци хамтран Жендерийн тэгш байдлын төлөө “Хонх” цохих байсан ч шинэ “Covid 19” вирусийн тархалтаас сэргийлж энэхүү арга хэмжээг цуцлаад байна. Дээрх шалтгааны улмаас мөн таван улсын долоон хөрөнгийн бирж энэ жил хонх цохих ажиллагааг цуцалсан байна. МҮХАҮТ нь 2013 оноос энэхүү хонх цохих үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч эмэгтэйчүүдийн эрх, жендерийн асуудлаар манлайлагч дотоод, гадаадын байгууллагуудыг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулж ирсэн юм.

Энэ жил эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө “Хонх цохих-Ring the Bell” санаачилгын хүрээнд бид биечлэн хонх цохихгүй ч, Монгол улсын нийт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын байран дахь жендерийн тэгш байдал, эрхийн төлөө тууштай, итгэл төгс ажиллана гэдэг байр сууриа илэрхийлж “Хонх цохих” санаачилгад нэгдсэн билээ.

Жил тутам зохион байгуулдаг тус арга хэмжээ нь хувийн хэвшлийн зүгэээс дэлхийн эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжин , тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах талаар олон нийтэд таниулах зорилготой юм.