Ц.Тувааны мэдэгдэл, Уяачдын нэвтрүүлгээс жилийн дараа “хомоолтой жагсаал” болж, УДШ-ээс хориглосон ч, хаврын морин уралдааныг сэргээсэн нь ЗГ-ыг тогтворгүй болголоо

Ц.Тувааны мэдэгдэл, Уяачдын нэвтрүүлгээс жилийн дараа “хомоолтой жагсаал” болж, УДШ-ээс хориглосон ч, хаврын морин уралдааныг сэргээсэн нь ЗГ-ыг тогтворгүй болголоо

Энэ долоо хоногийн Лхагва гараг /2025.01.29/-т хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар “жил бүрийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс хойш хаврын морин уралдааныг орон нутаг нь хариуцан зохион байгуулж, хяналтаа тавих”-аар шийдвэрлэсэн нь олон нийтийг багагүй талцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг хүмүүсийг ч чангарууллаа.

-ДЭЭД ШҮҮХЭЭС “ХОРИГЛОСОН” ТУЛ ХАВРЫН МОРИН УРАЛДААН БОЛОХ БОЛОМЖГҮЙ-

2018 онд “өвөл, хаврын улиралд аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглож улс даяар мөрдөх”-ийг даалгасан Улсын дээд шүүх /УДШ/-ийн тогтоол гарсан тул 2019 онд “жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон” Засгийн газрын 57 дугаар тогтоол гарсан. 

Улсын дээд шүүхийн 2018 оны тогтоол, Засгийн газрын 2019 оны тогтоол

Мөн Үндсэн хуулийн 50.2-д “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно …” гэж заасан. Үндсэн хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Гэтэл Л.Оюун-Эрдэнийн танхим Засгийн газрын 57 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад олгосон нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг сөрсөн, Үндсэн хуулийг зөрчиж, биелэх ямар ч боломжгүй харагдаж байгаа юм. Иймд морьтой жагсаал, морин уралдааны сэдвээр нийгмийн анхаарлыг сарниулж байгаад “нүүрсний гэрээ” зурах нь гэж зарим иргэд хардаж олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж байсан.  

-Ц.ТУВААНЫ МЭДЭГДЭЛ, УЯАЧДЫН НЭВТРҮҮЛГИЙН 1 ЖИЛИЙН ОЙ ДЭЭР МОРЬТОЙ ЖАГСААЛ БОЛЖ, ХАВАР МОРЬ УРАЛДУУЛЖ БОЛНО ГЭХ ШИЙДВЭРИЙГ ЗГ-ААС ГАРГАЖЭЭ-

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим “өөх ч биш, булчирхай ч биш” илт хэрэгжих боломжгүй ч, “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэх аятай шийдвэр гаргахад “нүүрс” биш өөр хэд, хэдэн зүйл нөлөөлсөн байж магадгүй байгаа юм.

Тодруулбал,  өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө Бямба гараг /2025.01.25/-т цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалт, өндөр дэг журмын дор болсон 300 гаруй морьтны жагсаал “хүрэх үр дүнгээ тохирчихсон”, эртнээс төлөвлөсөн жагсаал гэдэг нь ажиглагдаж байсан. Үүний зарим иргэд “хомоолтой жагсаал” гэж хошигнож байв. Үүнээс ердөө тав хоногийн дараа “хаврын хурдан морины уралдааныг сэргээх” шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн танхимын шийдвэр гарсан. Шийдвэр гаргахад Улсын алдарт уяач Ц.Туваан сайдаас эхлээд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хурдан удмын таван адуутай гэсэн Б.Батцэцэг сайд, хурдан удмын 75 адуутай Б.Жавхлан сайд, хурдан удмын 146 адуутай Ц.Баатархүү гээд эрх ашгийн зөрчилтэй сайдууд Засгийн газрын хуралд оролцсон гэх шүүмжлэл ч бий.

ВИДЕО:  Ц.Туваан 2024 оны нэгдүгээр сард "Хаврын морин уралдааныг сэргээх" хууль санаачилсан талаараа мэдээлэл хийж байв. 

Ц.Туваан сайд болохоосоо урьд буюу одоогоос жилийн өмнө /2024.01.22/, “хавар морь уралдуулдаг болох" хуулийг санаачилж, өргөн барьж буйгаа мэдэгдэж байлаа. Мөн яг жилийн өмнө буюу 2024 оны Сар шинийн баяраар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, уяач Д.Даваахүү, Э.Эрдэнэчулуун, С.Эрдэнэбат,  Т.Ихбаяр нарыг оролцуулсан “Монгол хууч” нэвтрүүлгийг олон нийтэд хүргэж байлаа. Энэ үеэр эдгээр уяачид “хөдөөд залуучуудыг тогтоож байгаа ганц зүйл нь хурдан морь” гэж тодотгож байлаа. Товчхондоо, “хомоолтой жагсаал” бол Ц.Тувааны мэдэгдэл, уяачид оролцсон “Монгол хууч” нэвтрүүлгийн нэг жилийн ой дээр болж. 

ВИДЕО:  2024 оны Цагаан сарын баярт зориулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол хууч" нэвтрүүлгийг олон нийтэд хүргэж байв. 

Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэвтрүүлгийнхээ үеэр уяачдад “Хаврын морин уралдааныг сэргээж өгнө” гэж амласан байж магадгүй. Мөн Улсын алдарт уяач Ц.Туваан сайд ч энэхүү шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй юм.

Мөн өөр нэг зүйл гэвэл Засгийн газрын тэргүүний төрсөн ганц дүү Б.Баярнэмэх ч Хэнтий аймагтаа хурдан морь уядаг, “Алдарт уяач” цолтой, “Сэцэн ханы хүлэг” уяачдын холбооны дэд тэргүүний үүрэгт ажилтай гэдэг. Мөн МАН-ын дунд шатнаас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд бэлтгэж “хаврын морин уралдааныг сэргээх” шаардлагатай гэсэн шахалтыг ч үзүүлсэн байж магадгүй юм. Харин олны хардаад байгаа “морьтой жагсаал, морин уралдааны сэдвээр нийгмийн анхаарлыг сарниулж байгаад нүүрсний гэрээ зурах нь” гэдэг нь юу л бол ...

-ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ СЭРГЭЭХ ШИЙДВЭР ЗАСГИЙН ГАЗРЫГ ТОГТВОРГҮЙ БОЛГОВ-

Нэгэнт УДШ-ийн хориглосон тогтоолтой, хэрэв сөрвөл Үндсэн хууль зөрчих нь тодорхой процесс дээр Засгийн газар “гоомой” юм хийлээ гэж шүүмжлэх иргэд ч цөөнгүй байна. Харин Засгийн газрын хаврын морин уралдааныг сэргээх шийдвэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрсөлдөгчдийг “чангарууллаа”. Тодруулбал, парламентад МАН-ын жагсаалтаар сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун, Г.Лувсанжамц нар Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, “Яасан ичгүүргүй шийдэл вэ. Дээд шүүхийн шийдвэр хэвээрээ байгаа” гэж мэдэгдэл хийсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, “Нүүрсний хулгайтай Монгол Улсын Засгийн газар эвлэрч байгаа бөгөөд нүүрсчдийн гарт бүрэн эзлэгдсэн байна. Нүүрсчидтэйгээ тэмцэх улс төрийн легитим байдал танай Засгийн газарт байна уу” хэмээн мэдэгдэл хийсэн юм.




Өнөөдөр үхэр өдөр

5 цагийн өмнө